МОНГОЛ ТАЙВАНИЙ “ИТГЭЛ -2017” ХӨТӨЛБӨРИЙН ГЭРЭЭ СОЛИЛЦОХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэг хооронд 2009 оноос эхлэн хэрэгжиж буй хамтын ажиллагааны Монгол Тайваний Итгэл буюу “NTUH-HOPE” хөтөлбөрийн 2017 оны гэрээ солилцох ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2009-2017 оны хооронд тус эмнэлгийн нийт 39 эмч мэргэжилтэн Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт тархины харвалт, мэдрэлийн дүрс оношилгоо, харвалтын үеийн сэргээн засах эмчилгээ, бөөр орлуулах эмчилгээ, хоол боловсруулах эрхтэн судлал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ гэх мэтийн нарийн мэргэжлийн чиглэлүүдээр урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бол Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгээс мөн дээрх мэргэжлийн чиглэлүүдээр жил бүр зочин профессорын баг хүрэлцэн ирж оношилгоо, эмчилгээний туршлага солилцож хамтарсан сургалт, семинар зохион байгуулж ирсэн билээ. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд хоёр эмнэлгийн мэргэжилтнүүд “тархины харвалтын цогц менежмент” сэдвийн хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

“Итгэл-2017” гэрээ солилцох хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаа Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийг төлөөлж тус их сургуулийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн нарийн бичгийн дарга Tyng-Guey Wang, Эмнэлгийн тусламжийн чанар хариуцсан орлогч дарга Huey-Wen Liang, гадаад харилцааны мэргэжилтэн Hsin-Lei Huang нар хүрэлцэн ирж оролцлоо. Мөн тус арга хэмжээнд Тайваний худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТөвийн удирдлагууд, Монгол улсын хэмжээнд “NTUH-HOPE” хөтөлбөрт хамрагдаж байсан эмч мэргэжилтний төлөөллүүд оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн профессорууд “Тайвань дахь тархины харвалтын өнөөгийн байдал”, “Харвалтын үеийн сэргээн засах эмчилгээний менежмент”, “Чанарын удирдлага” сэдвүүдээр нийт эмч, сувилагч нарт сургалт зохион байгууллаа