“ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

НҮБ нь 2003 оноос эхлэн “Төрийн үйлчилгээний өдөр”-ийг жил бүрийн 06 дугаар сарын 23-нды өдөр тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2017 оны 06 дугаар сарыг “Эмнэлгийн дэмжих туслах, үйлчилгээний тасаг, албадуудын нэрэмжит сар” болгон зарлаж иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад хандсан төлөвлөгөөт олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. 


“Олон улсын төрийн үйлчилгээний өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний албад болох Мэдээлэл технологийн алба, Хүний нөөцийн хөгжлийн алба, Даатгал, бүртгэл мэдээллийн алба, Инженер техник, аж ахуйн алба, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, Эмнэлгийн соёл үйлчилгээний алба, Эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний тасгийн хамт олон 2017 оны 06 дугаар сарын 23-нгы өдөр энэхүү 06 дугаар сард зохион байгуулсан, хэрэгжүүлсэн ажлаа эмнэлгийн удирдлага болон эмч, эмнэлгийн ажиллагсад, иргэд, үйлчлүүлэгчдэд тайлагнаж өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. 


Энэхүү өдөрлөгтэй давхцан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны төлөөлөгчид тус эмнэлэгт хүрэлцэн ирж ЭМЯ-аас хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа товч танилцуулан эмч, эмнэлгийн ажилчдын санал, хүсэлтийг сонсож асуудлуудад хариулт өглөө. Мөн тус эмнэлэгт ажиллаж байгаад өндөр насныхаа амралтанд гарсан ахмадууд болон одоо үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу эмч нар, дэмжин туслах үйлчилгээний ажилчдад ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг” болон ЭМЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшууллаа.