ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН КОНФЕРЕНЦ - 2017 ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зүрх судасны өвчлөл нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Ялангуяа зүрхний хэм алдагдлын эмгэг жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ. Монголын хэм судлалын салбар нь манай улсад шинээр хөгжиж буй салбар бөгөөд зүрх судасны эмч мэргэжилтнүүдийг хамруулсан “Зүрхний хэм судлалын конференц”-ыг уламжлал болгон Улсын Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний төв, Зүрхний хэмийн холбоо хамтран 2017 оны 10 дугаар сарын 27-28-ны өдүүдэд 2  дахь жилдээ зохион байгууллаа.

 Энэ удаагийн “Зүрхний хэм судлалын конференц–2017”-ын үйл ажиллагаа нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд  21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн зүрх судлалын эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид  болон гадаадын төлөөлөгчид ирж оролцон 2 өдрийн турш эрдэм шинжилгээний илтгэл, эмнэлзүйн тохиолдлуудыг хэлэлцүүлэн мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдлэг, туршлагаа солилцлоо.

Тус конференцийн үеэр АНУ-ын Невада мужийн “Desert Springs Hospital Medical Center”-ийн зүрхний эмч Robert Wesley нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт нийт 40631$-ийн өртөг бүхий мэдрэлийн мэс засалд ашиглагддаг дрилл, генератор болон хэм алдалтын пэйсмэйкер зэргийг хандивласан ба Эмнэлгийн хамт олны зүгээс тус байгууллагад талархал илэрхийлж байна.