ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 29-ны өдрийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2017 оныг “ТАРХИНЫ ХАРВАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг ба тус өдрийг Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүгээс “Тархины харвалтын талаар хүн амын мэдлэгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх дадалд сургах” зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл  14 хоногийн аяныг зохион байгуулан ажиллалаа.

Тус аяны хүрээнд дараах төлөвлөгөөт үйл ажиллагааг хийж хэрэгжүүллээ. Үүнд:

2017.10.25-нд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд "Тархины харвалтын менежмент", " Тархины харвалтын анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт" сэдвээр лекц уншиж, 45-аас дээш насны эмч, мэргэжилтнүүдийн харвалтын эрсдэлийг тодорхойлж зөвлөгөө өгсөн.

2017.10.27-нд  Баянгол дүүргийн өрхийн эмнэлгийн  эмч, мэргэжилтнүүдэд “Тархины харвалтын хэлбэрүүд ба эмчилгээ, оношилгооны шинэ арга“ сэдэвт сургалт зохион байгууллаа.

2017.10.28-нд  Улсын филармон дээр зохиогдсон “Тархины харвалтаас сэргийлэх арга” сэдэвт өдөрлөгийн үеэр 80 гаруй ард иргэдэд харвалтын эрсдэлийн үнэлгээ хийж, үзлэг, оношилгоо ,сургалт, мэдээлэл зөвлөгөө өгсөн.

2017.10.27-ны өдөр тус эмнэлгийн хурлын зааланд иргэд, үйлчлүүлэгч болон хэвтэн эмчлүүлэгч нарт зориулсан “Тархины харвалтаас сэргийлэх ямар шалтгаан танд байна вэ” сэдэвт өдөрлөг зохион байгуулж 300 гаруй ард иргэдийн  харвалтын эрсдэлийн үнэлгээ хийж, 5 төрлийн боршур 2 төрлийн гарын авлага 2000 гаруй ширхгийг тарааж харвалтын болон мэдрэлийн эмч нар сургалт, мэдээлэл явуулсан. Өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн Хоол үйлдвэрлэлийн албанаас Цусны даралтын үеийн хоол, хүнсний зөвлөгөөг өгч, биеийн жингийн индекс тодорхойлон, тусгайлсан хоолны зөвлөгөө, зөвлөмж өгсөн. Мөн хоол эмчилгээний үеийн хоолны бэлтгэх арга ажиллагааны 4 төрлийн зөвлөмжүүд, “Цусны даралтын үеийн хоол хүнс”, “Давсны хэрэглээний талаар зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.