СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЗҮЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ СЭДЭВТ ЗАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний төв нь улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ чиглэлээр бусад шатлалын болон эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлж чадавхижуулах сургалт зохион байгуулах үүрэг хүлээн ажилладаг билээ. Энэхүү үүргийхээ хүрээнд тус эмнэлэг нийслэлийн дүүрэг болон орон нутгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэд ажиллаж байгаа зүрх судас, мэс засал болон дүрс оношилгооны эмч мэргэжилтнүүдэд судасны эмгэгийг эрт илрүүлэн оношлох арга зүй, орчин үеийн мэс засал эмчилгээний менежмент, эмийн болон мэс засал эмчилгээний дараах үр дүнтэй хяналтын талаар мэдлэг, хандлага олгох зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Судасны мэс заслын эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 119 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, судасны эмгэгийн оношилгоо эмчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудаараа лавлагаа шатлалын мэргэжил арга зүйн зөвлөгөө авлаа. Телемедицины сүлжээ ашигласан цахим сургалт нь орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд цаг хугацаа, сургалтын зардал хэмнэх үүднээсээ ач холбогдол, хэрэгцээ шаардлага өндөр байгааг энэ удаагийн сургалт харууллаа. Тус эмнэлэг ирэх онд орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд   зүрх мэдрэлийн эмнэлзүйн лавлагаа чиглэлийн цахим хэлбэрийн сургалтуудыг улирал бүр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.