ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга доктор Виван Лин тэргүүтэй төлөөлөгчид Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Др.Сергей Диордица нар ахлан, ЭМЯ-ны болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд дагалдан айлчиллаа.

Төлөөлөгчид тус эмнэлэг дээр туршилтаар хэрэгжиж байгаа Эмнэлгийн бие даасан байдлын төслийн явц, хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудал, тус эмнэлгийн санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын ололттой болон бэрхшээлтэй асуудлын талаар эмнэлгийн удирдлагын багтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, дэлгэрэнгүй санал солилцлоо. 
Мөн төлөөлөгчид энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2010-2013 онд ДЭМБ, ММССангийн дэмжлэг туслалцаатайгаар тус эмнэлэг дээр байгуулагдсан үндэсний хэмжээний үйл ажиллагаатай тархины харвалт, зүрхний шигдээсийн тасгууд, эрчимт эмчилгээний тасаг, зүрх тархины судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.