100 САЯЫН ЗҮРХНИЙ ХАГАЛГААГ МОНГОЛД ДӨРВӨН САЯАР ХИЙДЭГ БОЛЖЭЭ.

“Зүрхний хэм алдагдлын оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй болсон гэхээр нь баярлаад эх орондоо хүрээд ирсэн” хэмээн инээмсэглэн ярих бүсгүйг Ц.Саруул гэдэг. Өмнөд Солонгосын Корей их сургуульд долоон жил суралцахдаа зүрхний хэм алдагдлыг эмчлэх нарийн мэргэжлээр мэргэшсэн. “Хүний нутаг цаанаа л нэг хөндий. Эх хэлээр нь ярьж, эмч нараас нь дутахгүй эмчилгээ хийсэн ч гадны хүн бол гадны л хүн байдаг. Эх орон шиг сайхан зүйл байдаггүй юм байна лээ” гэж хэлээд дахиад л инээвхийлэх түүний хувьд Улсын гуравдугаар төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээд эмчилгээний үр дүнгийн нэрийн хуудас болж яваа нэгэн. Харин энэ тухай нь лавшруулан асуувал нэг их тоомжиргүй хандах агаад магтаал, сайшаалд төдий л сэтгэл автдаггүй нэгэн байх талтай. Учир нь, “Уг нь долоо хоног бүрийн даваа гарагт л 20 хүн үзэх хуваарьтай ч өдөр бүр 20 гаруй хүн үзэж байна. Өмнө нь огт хийгдэж байгаагүй эмчилгээ учраас оношлогоо хийлгэх нь эх байх шиг байна” гэхээс өөрөөр төдий л үг унагасангүй. Харин нээлттэйгээр дэлгэсэн нэг бахархал нь 2016 оны хоёрдугаар сард зүрхний хэм алдагдлын оношлогоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаас хойш 40 өвчтөнд хагалгаа хийсний 36-г нь бие даан удирдан хийсний ердөө хоёрхон хүн нь эргэж хэм алдалтаар өвчилсөн тухай өөрийнх нь хэлсэн мэдээлэл байв. Энэ хүндрэл нь тухайн хүний эмчилгээ даах чадвар, судасны хүндрээлээс хамаарсан гэнэ. Түүнчлэн хэт туранхай хүнд энэ төрлийн хагалгааг хийхэд хэцүү байдгийг эмчилгээний явцад хоёр бүсгүйд гарсан хүндрэлээс жишээ аван ярина лээ. Тэр хоёр бүсгүй нь хэт туранхай байсан учраас гуяны судас руу нь тусгай хиймэл судас залгах ёстой байтал өргөгдөөд ороогүй гэнэ. Энэ тохиолдолд шинжилгээ авч, өвчнийг нь оношлохоос өөр арга зам байдаггүй гэдгийг тэрбээр сайтар тайлбарлаж хэлж байна лээ. Иймд Ц.Саруул эмчийн энэ үгийг турах хүсэлд хэт автсан охид бүсгүйчүүдтэй таарах бүртээ хэлж баймаар санагдсныг нуух юун. Хүн хэдийгээр тарган, махлаг байх буруу ч гэлээ өөрт таарсан жингээ барьж явах шиг хэрэгтэй зүйл байхгүй гэдгийг түүний үг зөвлөсөн хэрэг л дээ. Иймд өвдөөд эвдэхэд эмчилгээ авахгүйдээ тултал хэт турахгүй байхыг охид бүсгүйчүүддээ захиж хэлье хэмээн бодож суулаа.

Эндээс эргээд Ц.Саруул эмчийн Монголд нэвтрүүлэхэд хүчин зүтгэсэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрс судасны тасгийн Зүрхний хэм судлалын багийн эмч, сувилагч, асрагч нарын хагалгааны тухай тайлбар руугаа ороё. Энэ төрлийн хагалгааг дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүндрэлээс нь шалтгаалж 15-40  мянган ам.доллар буюу 35-100 сая төгрөгөөр хийдэг. Энэ нь тухайн өвчтөний зүрхэнд тусгай катетр байрлуулж хэм алдалтын мэдээллийг нь цуглуулах замаар хагалгаа хийдэг гэсэн үг. Үүнд нь хэрэглэдэг зөвхөн нэг ширхэг катетр нь гэхэд 2000 ам.долларын үнэтэй. Нэг хүнд багадаа 4-5 ширхэг хэрэгтэй гэж үзвэл тэр тоолонгоор эмчилгээний төлбөр нь нэмэгдэнэ. Харин Монголдоо буюу Улсын гуравдугаар төв эмнэлэгт өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн дөрөв орчим сая төгрөгөөр хийж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 42 хүнд хийсэн гээд тооцохоор хилийн чинад руу урсах байсан 536 сая 612 мянган төгрөгийг тус эмнэлгийн Зүрхний хэм судлалын багийн хамт олон хэмнэж чаджээ. Ганц ээ нь биш. Зүрхний пейсмекер суулгах эмчилгээг 103 хүнд тус багийнхан хийснээр мөн л 560 сая 769 мянган төгрөгийг эх орондоо, тэр дундаа тухайн өвчтөнүүдийнхээ ар гэрт үлдээж чадсан байна. Ингэж нэгэнт Монголдоо зүрхний хэм алдагдлыг эмчлэх болсон тул Эрүүл мэндийн яамнаас дээрхи төрлийн эмчилгээг Монгол Улсын гадаад улсад зайлшгүй шаардлагатай хийлгэх 39 өвчний жагсаалтаас хассан тухай баяртай мэдээг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Нарангэрэл бидэнд мэдээллэсэн юм. Мэдээж эрдсэл багатай, эдгэрэл сайтай гэдгийг нь баталсны дараа энэ шийдвэр гарсан байх нь тодорхой.

Гол нь та бид Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг гэхтэйгээ зэрэгцэн хамгийн түрүүнд мэдрэл хийгээд зүрхний тасгийг нь боддог. Энэ бол олон жилийн эмчилгээ, үйлчилгээнийх нь үр дүн. Тиймээс ч тус эмнэлгийг түшиглэж “Үндэсний зүрх судасны төв” гэдгийг байгуулсан нь өдгөө зургаан дүүрэг, 21 аймгийг хэрсэн том сүлжээ болон өргөжсөн талаар Д.Мөнгөнчимэг дарга мэдээлэл өгсөн. Анх 2001 онд байгуулагдсан уг төв 2010 оноос хойш онлайнаар буюу интернэтээр эмчилгээ дэмжих үйлчилгээг улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Төвийн үйл ажиллагааг дэмжиж Люксембургийн их гүнт улсын Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 12.8 сая еврогийн тусламж үзүүлсэн. Үүнийх нь үр дүнд Зүрх судасны төвийн дарга Д.Мөнгөнчимэг даргын утсанд өглөө, өдөр, орой, шөнө гэлтгүй мессеж ирнэ. Гэхдээ мессеж нь жирийн та бидний өдөр тутмын мэдээлэл солилцдог, харилцан ярилцдаг тэр хэв маягаар биш л дээ. Уншигч танд ойлгомжтой болгох үүднээс ийм мессежтэй адилтгасан хэрэг. Зөвхөн Д.Мөнгөнчимэг эмч гэлтгүй Монгол Улсын хэмжээнд 100 эмч энэ сүлжээнд орж, өөр хоорондоо тухайн өвчтнийхөө эхо зураг, дүрс бичлэгийг солилцох замаар эмчилгээг нь зөвлөлдөж, санал солилцдог. Энэ замаар туршлага солилцсоор өнөөдрийн байдлаар 159 мянган өвчтөний мэдээллийн сантай болсон. Тэдний хэн нэг нь дахин өвдлөө гэхэд мэдээллийн сангаа ашиглан оношийг нь түргэн шуурхай олох, тухайн хүнд тохирсон эмчилгээний үр дүнтэй аргыг цаг алдахгүй хэрэгжүүлэх боломжтой. Тэгэхээр Улсын гуравдугаар төв эмнэлэг яах аргагүй зүрхний төв эмнэлэг гэдэг нь улам бүр батлагдаж байгаа биз.

Гэхдээ тус эмнэлгийн дарга, доктор Ц.Төмөр-Очирын мэдээллэснээр зөвхөн энэ ч биш тархины мэс заслын эмчилгээнд Монгол Улсад анх удаа тархины судсан дотуурх оношлогоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, 2016 онд 64 иргэнийг эмчилсэн байна . Тэдний 33 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлснээр 34 сая төгрөгийн өртөгтэй эмчилгээ нь 8-10 сая төгрөг болж буурсан. Үр дүнд нь гадаад улс руу урсах байсан нэг тэрбум 133 сая төгрөгийг Монголдоо үлдээж чадсан. Тэр хэрээр өвчтөн өөрт нь төдийгүй ар гэрт нь ирдэг санхүүгийн дарамт хөнгөрч, монгол эмч нар ч эдгэсэн өвчтнүүдийнхээ сэтгэлийн үгэнд урам зориг дүүрэн суугаа нь ойлгомжтой.

Харин сурвалжлагын төгсгөлд сонирхуулж гэх үү, бахархаж гэх үү аль нь ч байсан тунчиг хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн Ц.Саруул эмчийн сэтгэлийн үгийг уламжлая. Учир нь тэрбээр “Хэрэв цалин багатай гээд буцаад Өмнөд Солонгос руу явсан бол өөртөө буугаад өгсөн санагдах байсан. Би энэ нарийн мэргэжлийг эзэмшихийн тулд үр хүүхэд, гэр бүлээсээ хол нойр хоолгүй хангалттай гүрийж суралцсан. Хэдийгээр анх Монголдоо ирээд ажиллахад хэцүү байсан ч одоо бол гоё байна. Эх орондоо мэргэжлээрээ ажиллана, түүнийхээ үр дүнг үзнэ гэдэг гадны оронд ажилласнаас хамаагүй сайхан байхгүй юу. Ер нь л их өөдрөг байгаа шүү” гэсээр бидний үдсэн юм. Арав хүрэхгүй минутад өрнүүлсэн бидний яриа ийм өрнүүн бас чамгүй зүйлийг бодогдуулахаар байсанд Ц.Саруул эмчид талархая. Хаалга онгойлгож, өндөлзөх өвчтөн бүрийн итгэл энх тунх байг  ээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ