Ц.ТӨМӨР-ОЧИР: III ЭМНЭЛЭГТ ШИНЭЧЛЭЛ САЙН ХИЙГДСЭН. ГЭХДЭЭ ЗОГСОХГҮЙ. УРАГШАА Л ЗҮТГЭНЭ ДЭЭ

Хүний амьдралын зовлон, жаргалын зааг дээр авралын цагаан нөмрөгтэй эмч хүн зогсох ч эцсийн бүлэгт та бид талархал илэрхийлж, буян ерөөсөн нь хэд билээ хэмээн бодох нь хаяадаа бий. Ийм л учрал, эмзэг хэцүү агшин бүрийн ард удирдлагын хатуу хариуцлага, Монгол Улсын хэмжээнд өдөр, шөнөгүй ирэх авралын дуудлагад сайн хариу өгөх үүрэг хүлээж ажилладаг хүний нэг нь яах аргагүй П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, доктор, дотрын зөвлөх эмч, Монголын уушгины эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ц.Төмөр-Очир. Тэрбээр 1994 онд Анагаахын дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн цагаасаа хойш Улсын гуравдугаар төв эмнэлгийн нэгэн эд эс болон ажиллаж буй туйлбартай эмч, эмнэлгийн дарга. Тэр дундаа, уушгины эмгэгийг анагаах чиглэлээр нарийн мэргэшсэн гэдгийг нь тодотгоё. Ярилцлагаас урьтаж мэдээлэхэд тэрбээр долоо хоног бүрийн хоёр дахь өдөр тогтмол эмнэлгийнхээ Уушгины тасагт үзлэг, оношлогоо хийж байгаа гэнэ билээ. Ингээд “Би чинь социалист нийгмийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн. Тийм болохоор эмнэлгийнхээ хаалгаар орж ирлээ. Үүдний жижүүр, хүлээн авах, шалны цэвэрлэгээ гэдгээс эхлээд ажлаа эхэлнэ. Бараг л нүдэнд торсон юм болгон дээр очиж даргын ажлаа хийнэ шүү дээ” гэснээр эхэлсэн ярилцлагаа уншигч танд хүргэе. 

-Ц.Төмөр-Очир дарга аа, бараг л нүдэнд торсон юм болгон дээр очиж даргын ажлаа хийнэ гэхээр танд хаяа төвөгтэй санагдах үе байх уу. Хүн л юм хойно төвөгшөөх, залхах үе бас хаяа гарна аа даа?

-Тийм юм байхгүй ээ. Миний эмчийн мэргэжил эзэмшснээс хойшхи цаг хугацаа бүхэлдээ Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй холбоотой. Уушгины тасагт олон жил их эмчээр ажиллаад, дараа нь тасгийн эрхлэгээр арав гаруй жил ажилласан. Тэндээсээ 2012 оноос эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, 2013 оноос эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сонгон шалгаруулалтад орж, 2014 оноос хойш эмнэлгээ удирдаж байна. Энэ хугацаанд олсон туршлага мэдлэг, дадал зуршлаа хаяна гэж хэзээ ч байхгүй. Дээр нь, эмнэлэг рүү хүмүүс аврал хайж орж ирдэг. Тийм болохоор гадаад орчин ямар байх вэ, эмнэлгийн үйлчилгээ хэр зохистой байх вэ гэдэг их чухал. Дан ганц эмч сайн байлаа гээд эмнэлгийн эмчилгээний үр дүн сайн байхгүй. Тэр утгаар, хог шороо, тоос тортог болгоныг мэдээж өөрөө арчихгүй ч арчих ёстой, цэвэрлэх ёстой гэдэг шаардлагыг бол байнга л тавина. Энэ хэрээр миний нүд хүмүүсийн хэлдгээр бас их өлөн болж байх шиг байна. Ер нь л болохгүй байгаа бүхнийг яаж ийгээд олж харчихаад байх талтай шүү. 

-Сонирхож асуухад таны ажлын өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ?

-Өглөө бүрийн долоон цаг 30 минутад шөнийн ээлжинд хоносон эмч нарынхаа мэдээг авахаас эхэлнэ. 

-Таны хувьд хоцрох үе хаяа байх уу?

-Бараг байхгүй дээ. Гадаадад томилолтоор явсан бол мэдээж ирж чадахгүй. Бусад үед хурал цуглаанд оролцох бол заавал өглөөдөө тогтмол ирж, мэдээллээ авна. Удирдлагууд ийм шинэ зарчимд шилжээд ер нь дадаж байна. Эмчилгээ эрхэлсэн орлогч, Чанарын албаны дарга нар өглөө бүр өвчтөнүүд шөнө ямар байдалтай хоносон, тусламж үйлчилгээнд асуудал гарсан уу, аль тасагт илүү онцгой анхаарах, хүнд хүн байна уу, аль тасагт нь асуудал гарав гэдэг мэдээллийг байнга авч байх ёстой байдаг. Ингэхийн тулд  өглөө бүр эмч нартайгаа уулзаж, мэдээлэл авна.

-Өнөөдрийн мэдээллээр ямар байв (2018 оны нэгдүгээр сарын 8)?

-Өглөөний байдлаар 40 гаруй хүнд хүнтэй байна. Ялангуяа, харвалт, зүрхний шигдээсийн тасаг их ачаалалтай байгаа. Орон нутгаас нэлээн олон хүн ирсэн. Мэс заслын тасгууд өндөр ачаалалтай байгаа. Ер нь өдийд их ачаалалтай байдаг үе. Ид ачааллын үе үргэлжилж байгаа учир ийм байх нь аргагүй. Цусны даралт ихсэх өвчнөөр манай улс Ази, Номхон далайн баруун бүсийн 27 орноос нэгдүгээрт бичигддэг. Энэ өвчин хэдий чинээ тухайн улсын хүн амын тэргүүлэх өвчин байна, төдий чинээ харвалт, шигдээсийн өвчлөл их байдаг. Цусны даралт  өвчин хүндрээд тархины харвалт, зүрхний шигдээс тусч байна гэсэн үг. Харамсалтай нь, энэ өвчлөл сүүлийн үед их залуужиж байна. Тэр хэрээр манай ачаалал ч өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэх болсон. 

-Манайханд сайн эмч сайн эмнэлгийн дарга болдог гэж бодох нь бий. Яг амьдрал дээр эмнэлгийн удирдлагад сайн удирдагч хэрэгтэй юу, сайн эмч чухал уу гэдгийг та хувь хүнийхээ хувьд юу гэж боддог вэ?

-Эмнэлэг удирдана гэдэг бол маш том хариуцлага. Яг энэ асуултын хувьд хоёр талтай. Сайн эмч хүн сайн эмнэлгийн дарга байж чадахгүй гэсэн үгийг бол би хэзээ ч хэлэхгүй. Учир нь, би өөрөө эмч хүн. Миний хувьд эмчийн мэргэжлээр ажиллах хугацаандаа эмнэлгийн удирдлагаар мэргэшсэн. Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулсан эмнэлгийн удирдах ажилтны сургалт, курсийг нь төгссөн. Сингапур, Тайвань, Япон зэрэг улсад эмнэлгийн удирдлагын чиглэлээр бэлтгэгдсэн. Эмнэлгийн удирдлага гэдэг бол менежментийг нь сурал­цаж, түүндээ дүйцүүлэн өөрийн эмнэлгийн нөхцөлд тааруулж, эмнэлгээ удирдлага зохион байгуу­лал­таар хангаж ажиллах бодлого гаргадаг, хэрэгжүүлдэг хүн байх ёстой. Бүр өргөн утгаар нь хэлэх юм бол эмнэлгийн дарга байна гэдэг нь зөвхөн эмнэлгийнхээ асуудлыг хариуцах биш улсынхаа өмнө салбарынхаа өмнөөс хүн амын эрүүл мэндийн хариуцлагыг хүлээж ажиллах үүрэг хариуцлага юм л даа. Тэгэхээр яалт ч үгүй Улсын гуравдугаар төв эмнэлгээр орж ирж байгаа хүн бүрийн тав тух, сэтгэл ханамжтай байх үйлчилгээг бүрдүүлэх нь миний үүрэг гэж болно. Гол нь өмнө нь ч тийм л байсан. Цаашид ч ийм л байх учиртай. Монгол хүний эрүүл саруул, элэг бүтэн амьдрал гэдэг бол бидний зорилго байхгүй юу.

-Эмнэлгийн шинэчлэлийг хүмүүс янз бүрээр хардаг. Ингэхдээ иргэд бол ихэвчлэн шууд  л эмнэлгийн ачааллыг шүүмжилдэг. Харин эмч нар сүүлийн үед тоног төхөөрөөмжийн шинэчлэлийг чухалчлах, бас нэхэх болсон. Мэдээж төр засаг болохоор тэр бүгдийг яг таг хийж чадахгүй ч өвчнөөс болж хүн эндэж болохгүй гэдэг шаардлагыг та бүхэнд тавьдаг байх. Өөрөөр хэлбэл, энэ наад захын гурван шаардлагад эмнэлгийн шинэчлэлийг хэрхэн дүйцүүлж, нийцүүлэх боломжтой гэж та боддог вэ. Ер нь танай эмнэлэгт хийгдсэн өнгөрсөн хугацааны шинэчлэл энэ бүхэнд эерэг хариулт өгч чадсан уу?

-Ер нь эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл гэдэг бол асар том бодлогоор зохицуулагддаг асуудал. Одоо байгаа тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхиараа иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх боломжоо ашиглах хэрэгтэй. Болгоё гэж зүтгэвэл болохгүй зүйл байдаггүй гэдэг. Нэгдүгээрт, дотоод нөөц боломжоо бүгдийг нь гаргаж ажиллах шаардлагатай. Дотооддоо асар их нөөц бололцоо байгаад байхад ашиглаж чадахгүй хэрнээ нэмж гуйгаад байх тохиолдол бий. Гурав, дөрвөн жилийн өмнө шинэчилсэн тоног төхөөрөмжийнхөө үр дүнг нь гаргаагүй байж, дараагийнхийг нь авах зайлшгүй шаардлагатай гэдэг мэргэжилтнүүд ч байдаг. Зөвхөн эмнэлэг гэлтгүй бүх салбарт л ийм нэхэл, дагал байдаг байх. Миний хувьд үүнийг харин буруу бодлого гэж хэлнэ. Тиймээс юун түрүүнд одоо байгаа тоног төхөөрөмжөө бүрэн дүүрэн ашиглаж, үр дүнг нь гаргаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж практикт нотолж, гаргах шаардлагатай байсан. Энэ тал руу нэлээд бодлого барьж ажилласан. Нөгөө талаар төрийн эмнэлгүүдэд дутагдалтай тал байдаг. Энэ нь зардлын зүйл ангиар асуудлаа шийддэг явдал. Төсвийн хүрээнд тулгамдсан асуудал нэлээд байсан. Үүнийг шат дараатай шийдвэрлэсэн. Мөн манай эмнэлэг зүрх, мэдрэлийн мэс заслыг улсын хэмжээнд дагнан үзүүлэхийн зэрэгцээ чих хамар хоолой, хэвлийн хөндийн мэс засал, хамгийн гол нь судсан дотуурх оношилгоо, эмчилгээний мэс заслыг хийж байна. Дэлхийд судсан дотуурх оношилгоо эмчилгээний мэс засал хөгжөөд удаагүй байна. Монголдоо бид үүнийг анх удаа нэвтрүүлсэн. Үүгээрээ маш их бахархдаг. Энэ эмчилгээг эзэмшсэн эмч, эмнэлгийн ажилтнуудаараа би хувьдаа маш их бахархдаг. Цаашид улам хөгжүүлж, мэс заслын дараах эрчимт эмчилгээ, оношилгооны чадамжийг сайжруулах чиглэлийг цогцоор нь нэг төвшинд барьж ажиллахыг зорьж байна. 

-Зүрхний нарийн хагалгаанууд хийдэг болсонд өнгөрсөн жил сурвалжилж байхдаа би хувьдаа ч гэсэн маш их бахархсан. Судсан дотуурх оношилгооны мэс заслыг тархинд хийдэг гэдэг мэдээг уншаад ч тэр адилхан баярласан. Хэдийгээр хүний амьдрал өөр өөрийн хувь заяатай, өвчин зовлонтой ч нэг хүний өвчин ч болов Монголдоо эдгэдэг болж гэдгийг сонсоод баярлахгүй хүн ч гэж хаа байх вэ дээ?

-Баярлалаа. Судсан дотуурх мэс заслын чиглэлээр гуравдугаар эмнэлэг сүүлийн хоёр жилийн дотор үсрэнгүй технологиудыг үнэхээр сайн нэвтрүүлсэн. Үүнд манай Эрүүл мэндийн яам, төр засгийн дэмжлэг ч их байсан. Ганц манай эмнэлгийн эмч, ажилтнуудын хүчин зүтгэл гэж яасан ч хэлж болохгүй. Гол нь үр дүнд нь тархины харвалт, цүлхэн, судасны эмгэг, хавдарт хагалгаа хийж байна. Мөн судсаар зүрхний хэм алдагдах өвчлөлийг эмчилж байна. Бод л доо, зөвхөн 2017 онд гэхэд гуравдугаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд 27 шинэ арга технологи нэвтэрсэн байна шүү дээ.

-Та бүгдийг нь тоочиж хэлбэл хэтэрхий урт болчихож магадгүй юм. Зарим нэгээс нь онцлооч. Хүмүүст мэдээлэл өгөх үүднээс?

-Болно оо. Жишээ нь, зүрх, мэдрэл, чих, хамар, хоолой, дүрс оношилгоо, мэс засал зэрэг чиглэлд эмчилгээ оношилгооны олон арга технологи нэвтрүүлсэн. Хилийн чинадад эмчилгээ, оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай 39 өвчний жагсаалт байсныг Улсын гуравдугаар төв эмнэлэг сүүлийн жилүүдэд нөр их хөдөлмөрлөж, шинэ технологи нэвтрүүлсний үр дүнд гурван өвчнийг нь энэ жагсаалтаас хасуулж чадлаа. Үүнийг баталж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тушаал ч гарсан. 

-Ямар гурван эмчилгээ юм бэ?

-Тархины судасны мэс заслын чиглэлээр хоёр өвчин, зүрхний хэм алдагдлын эмчилгээтэй хамт хасагдсан. Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засаг, байгаль экологийн байдлаас үүдээд зүрх шууд хаагдах эрсдэлүүд их үүсэх болсон. Үүнийг анагаах зорилгоор  2016 онд манай эмнэлэг зүрхний хэм алдагдлын лаборатори байгуулсан. Эмчилгээ, үйлчилгээ нь маш сайн үр дүнтэй байгаа. 

-Гол нь иргэдээс гарах санхүү­гийн зардал буурсан гэж сонссон. Та тодорхой мэдээлэл өгөөч?

-Гэхдээ эхлээд гуравхан өвчин гэж битгий чамлаасай гэж бас бодож байна. Учир нь, энэ гурван өвчний цаана технологийн шинэчлэл, хүний нөөцөө бүрдүүлэхээс эхлээд олон чухал ажил хийгдсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь эмнэлгийн шинэчлэлийг дагаад  эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дээшилж, дараа дараагийн шинэ эмчилгээний арга барилд давхар, давхар суралцах боломж нээгддэг талаас нь өргөн утгаар нь хараасай гэж хэлмээр байна. Өртөг зардлын тухайд судсан дотуурх тархины судасны хагалгаа нь гадаадад дунджаар 100 мянган ам.долларын өртөгтэй байдаг. Тэгэхэд Монголдоо өвчтөнүүд маань 10-20 сая төгрөг төлөөд л хийлгэж байгаа. Зүрхний хэм алдагдлын эмчилгээг зүүн өмнөд Азийн орнууд 20-40 мянган ам.дол­ларын төлбөртэй хийдэг. Харин манайд бол 2-3 сая төгрөг л төлнө. Энэ мэдээж бодит хэмнэлт биз. 

-Тэр хэрээр өвчтөнүүдийн талархал нэмэгдэж байна уу?

-За даа, манай монголчууд чинь бас л баярласан талархсанаа ил илэрхийлэхдээ тааруу хүмүүс шүү дээ. Би ч бараг адилхан л байх. Энэ нь үндэсний онцлог шиг байгаа юм. Ичих зүйл дээрээ ичихгүй, ичихгүй зүйл дээр ичээд байдаг. Тэр утгаараа талархах нь бага талдаа. Гэхдээ бид ч талархал хүлээж ажлаа хийхгүй л дээ. Ерөөсөө л бидний үүрэг чинь өөрөө шинэ технологиудыг нэвтрүүлж, ард иргэдийнхээ гадаад явах урсгалыг багасгах, гадаад явах боломжгүй хүмүүст эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг нь үзүүлж эмчлэх боломж бүрдүүлэх явдал. Үүнийг ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бодлогоор дэмжиж ажиллахаа илэр­хийлсэнд баяртай байгаа. Цаг үеийн шаардлага, дэлхийн хөгжлөө дагаад эмнэлгийн технологийн шинэч­лэл ер нь дэлхий дахинд зогсолт­гүй үргэлжилж байгаа өнөө үед Эрүүл мэндийн сайдын байр суурь яах аргагүй бидний хувьд хэзээд их том итгэл найдвар болдог талтай. 

-Хэдийгээр иргэд талархлаа ил илэрхийлэх нь ховор ч та эмнэлгийн удирдлагын хувьд шинэ тоног төхөөрөмжтэй болж, эмч нар тань чадваржихын хэрээр баярлаж, урам авна биз?

-Уучлаарай, би талархал ховор гэж арай хэлчихээгүй байх аа. Талархал илэрхийлэх хүн байлгүй яахав. Зүгээр үндэсний онцлог талаас нь харахад гэдгийг ярилцлагадаа тодотгож өгөөрэй. Манай эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд үнэхээр бас эмнэлгийн шинэчлэлд сэтгэл өөдрөг байгаа. Мэдээж бас л бүгдийг нь хангалуун гэж хэлбэл өрөөсгөл болно. Аливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ. 

-Таны хувьд сайн ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуу­даа урамшуулж чадаж байгаа юу.  Зүрхний титэм судасны чиглэлээр Солонгост суралцсан, доктор Ц.Саруул гэж залуухан эмч бүсгүй танайд бий. Түүнтэй уулзахад “Уг нь Солонгост эмч нар хагалгаа бүрээсээ тодорхой урамшуулал хувилж авдаг. Харин миний цалин бол яг үнэндээ хэлэхэд хэцүү. Гэхдээ миний хувьд өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн үр дүнг эх орондоо гаргаж, зүрхний хэм алдагдлын мэс заслыг Монголдоо нэвтрүүлэхэд гар бие оролцож байгаадаа баярладаг. Энэ бол миний ажиллах урам юм” гэж хэлж байсан. Ядаж л, энэ шинэ төрлийн мэс заслыг нэвтрүүлж буй эмч нараа хүртэл эмнэлгийн даргын хувьд харж үзэх, урамшуулах эрх танд бий юу?

-Ц.Саруул эмч бол яах аргагүй манай өндөр ачаалалтай ажилладаг эмч нарын нэг. Үнэхээр урамшуулах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ боломж нь өөрөө бага. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр манай эмнэлэг өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээн дээр ажиллаж байгаа эмчээс эхлээд асрагч хүртэл нийт 288 хүнийг 48.6 сая төгрөгөөр урамшуулсан. Улирал тутамд Засгийн газраас олгож байгаа үр дүнгийн урамшуулал гэж бий. 2017 онд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний гүйцэтгэлд улсын хэмжээнд манай эмнэлэг маш их гүйцэтгэл гаргасан. Нийтдээ 11 тэрбум орчим төгрөгийн үйлчилгээг даатгалаас авч, өндөр өртгийн гүйцэтгэл үзүүлсэн гэсэн үг.

-Ойролцоогоор хэр хэмжээний урамшуулал нэг эмч, эмнэлгийн ажилтанд олгосон бэ?

-Хамгийн дээд тал нь нэг сая 500 мянган төгрөг өгсөн. Асрагч нарыг ч орхиогүй. Тэдэндээ 100-200 мянган төгрөг өгсөн. Манай эмнэлгийн боломж нь л энэ байсан. Илүү их боломж байсан бол аль болох ихийг өгмөөр л байлаа. Даанч нөхцөл байдал нь өөрөө ийм юм л даа. Тайлан­гийн хурал дээрээ тасаг, тасгаар нь урамшууллыг нь өгсөн болохоор манайхан бас их урам авч, талархсан. 
-Энэ урамшууллыг Эрүүл мэн­дийн сайдын тушаалаар өгдөг юм уу, та өөрөө дотооддоо менежмент хийж олгох уу?
-Байгууллагын дотоод менежмен­тийн хүрээнд яамнаас чиглэл авч урамшуулал өгсөн. Урьд нь 2016 онд ч бас өндөр гүйцэтгэл хийж байгаа эмч, мэргэжилтнүүдээ боломжоороо урамшуулсан. Гэхдээ энд нэг зүйлийг шударгаар хэлэхэд цалингийн сантай холбоотойгоор хэн илүү хийж байна, тэр нь  илүү урамшуулал хүртэх ёстой гэсэн систем эрүүл мэндийн салбарт дутмаг байгаа. Зарим хүн 10.00 цаг өнгөрч байхад ирээд 15.00, 16.00 цаг болоод явчихдаг. Уг нь ийм хүмүүсийг бол халчихмаар л байгаа юм. Гэтэл салбарын онцлогоос шалтгаалаад болдоггүй. 

-Яагаад?

-Шууд ажлаас нь чөлөөлөх эрхзүйн нөхцөл байдаггүй. Иймд Эмнэлгийн тусламж, үйлчил­гээний тухай хууль хэрэгжээд эхлэхээр тухайн эмнэлэг сайн ажилла­даг хүмүүсээ ажиллуулж, ажлаа сайн хийсэн нь их цалин авдаг хувилбарыг бий болгох шаардла­гатай боломж нээлттэй болно гэж хүлээж байгаа. 

-Сүүлийн үед эмч нар нэлээн залуужиж байгаа харагдсан. Ер нь танай эмнэлэг хүний нөөцийн хувьд хэр цус сэлбэж байгаа вэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл саяхан 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудыг гадаад руу мэргэжил дээшлүүлэх сургалт, сургуульд явуулахаа зарласан. Танайх хамрагдсан уу?

-Хамрагдалгүй яахав. Эрүүл мэндийн сайдын тушаалаар зүрхний хэм алдагдалтын багийн долоон эмч, мэргэжилтэн Солонгос Улсын “Ханнам” эмнэлэгт 14 хоногийн сургалтад хамрагдаж, мэргэжил дээш­лүүлээд ирсэн. Манай эмнэл­гийн хувьд сүүлийн гурван жил дараалан жил бүр 100 гаруй хүнээ дэлхийн 15-16 оронд урт, богино хугацаагар сургалтад хамруулсан. Сургалтад хамрагдаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг нь олгож, ажилласан хугацааг таслахгүйгээр явуулдаг. Өнгөрсөн жилийн тайлангийн хурлаараа нийт 100 гаруй мэргэжилтэн 19 чиглэлээр 16 оронд мэргэжил дээшлүүлснийг дүгнэсэн. 2016 онд гэхэд 110 гаруй хүнээ явуулсан.

-Энэ жил явуулах уу?

-Явуулна аа. Урьдчилсан тө­лөв­­лө­гөөгөөр 100 мэргэжилтнээ мэргэ­жил дээшлүүлэх сургалтад явуулна. 

-Гадаадын сургалтад явах боломжийг эмнэлгийн удирдлагын зүгээс олдог уу. Эсвэл эмч нар өөрсдөө хөөцөлдөж байна уу. Яам хэр оролцоотой байдаг вэ?

-Гадны төсөл хөтөлбөр, байгуул­лагатай хамтран ажиллах гадаад хамтын ажиллагааг өргөжүү­лэх чиглэлд бодлого барьж ажиллас­ны үр дүн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн байгууллагуудтай гэрээ байгуулж, тэр байгууллагуудтайгаа тодорхой хэмжээний уян хатан байдлаар хамтран ажиллах санал гаргадаг. Тухайлбал, “Бид эмч нараа явуулъя, замын зардлыг нь даая. Та нар байрыг нь даагаач ээ” гэж гуйна. Хамтын ажиллагаа, гуйлга гээд олон л зүйл болно. Гол нь ерөөсөө менежментийн үр дүн юм. Ер нь бол өмнө нь жил бүр 100, 100-гаараа 16 орон руу явж байсан түүх байхгүй. Мэдээж энд яамны чиглэл байгаа. Яам дэмжихгүй бол бид эндээ менежмент хийгээд бас их үр дүн гарах нь бага шүү дээ.

-Танай эмнэлгийн эмч, эмнэл­гийн 80 гаруй хувь нь залуу боловсон хүчин гэж сонсож байсан. Мэдээж энэ хэрээр туршла­гагүйтэх, алдах тохиолдол гарах нь бий л байх. Таны хувьд залуу эмч, эмнэлгийн ажилтнууддаа ер нь хэр итгэдэг вэ. Тэд мэдээж гэнэт л  ардын эмч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, академич, доктор, профессор Ж.Хайрулла, Зүрх, судасны мэс заслын тасгийн Ц.Даваацэрэн тэргүүтэй эмч нар шиг “аваргууд” болчихгүй шүү дээ?

-Энэ бол яах аргагүй бидний хүний нөөцийн бодлогын залгамж халааны чухал асуудал. Тиймээс ч дээр хэлсэнчлэн мэргэжил дээш­лүүлэх сургалт, сургуульд аль болох олноор нь явуулахыг эрмэлзэж байна. Үнэхээр ямар ч эмч шууд эмчийн диплом гардаад өөрийн тань хэлсэн мундагуудтай эн зэрэгцэнэ гэж байхгүй. Иймд дор бүрнээ хичээн суралцах ёстой. Эмнэлгийн удирдлагын зүгээс зүрх, тархины мэс засал гэлтгүй бусад тасаг нэгжүүдэд залгамж халааг бодлогоор бэлтгэж эхэлсэн. Шинэ залуу эмч нарыг бэлтгэх, цус сэлбэх үйл ажиллагааг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш эрчимтэй хийсэн. Энэ дагуу хүний нөөцийн сонгон шалгаруулалт нээлттэй зарладаг. Шат шатны шалгалт авч, шигшигдсэн мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж, үүрэгжүүлж байгаа. Гуравдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь таваас дээш жил ажилласан залуу боловсон хүчнүүд байна. Ер нь залуучуудыг улам чадавхжуулах, лавлагаа, зэрэглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжил аргазүйн чадамжийг сайжруулах нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд үл тасрах бодлого байх учиртай. Яагаад гэхээр манайх 21 аймгийн есөн дүүрэгт үндэсний хэмжээний мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна. Алсын дуудлагад 21 аймаг, есөн дүүрэгт явж байгаа. Энэ хэмжээнд ажиллах эмч нарын мэдлэг боловсрол, хандлага өндөр байх ёстой гэдэг үүднээс тэднийг чадавхжуулах үйл ажиллагааг төлөв­лөгөө, шат дараатай хийж байгаа. 

-Танай залуу эмч нараас залхаж байна, ядарч байна гэдэг гомдол ер нь гаргах юм уу?

-Үгүй дээ. Хаа очиж ёстой тийм юм байхгүй. Ер нь бол манай эмнэлэг зарим үед фронт дээр ажиллаж байгаа юм шиг дүр зураг харагддаг. Маш их ачаалалтай ажилладаг. Жилдээ 13 мянга орчим хүн хүлээн авч үйлчилж, 5-6 мянга орчим мэс засал хийж байна. Хэвтэн эмчлүүлэх тасгуудад гэхэд 18 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлдэг бол амбулаториар 170 мянга орчим хүн үйлчлүүлнэ. Оношилгоонд 220-230 мянган хүн хамрагддаг. Энэ их тусламж үйлчилгээг зохицуулахын тулд хүний нөөцийн нөөц бололцоо их хэрэгтэй. Гэхдээ зарим хэсэгт бас хүний нөөц дутагдах тал байгаа. Гэхдээ дотоод менежментээрээ ачаалал багатай хэсгээс сэлгүүлэн ажиллах, эмч мэргэжилтнүүдээ хөрвөх чадвартай болгож байна. Тэр хэрээр манай залуу эмч нар харин ч ачаалал даах чадвартай болж байгаа. Сүүлийн үед хувийн эмнэлгээс хүртэл “Танайд ажиллая” гэж ирэх нь их болсон. Яагаад гэж асуухаар “Танай эмнэлэгт ачаалал их байна. Энд ирж юм суръя” гэдэг. 

-Эсрэгээрээ танайхаас хувийн эмнэлэг шилжих нь хэр вэ?

-За даа, ер нь бага даа. Ямар ч байсан цалин мөнгөний шалтгаанаар хувийн эмнэлэг рүү явсан тохиолдол байхгүй. Ар гэрийн шалтгаанаар орон нутаг руу шилжих тохиолдол бол ганц хоёр гарсан. Нэлээн шалгуур давж орж ирсэн залуу эмч маань удахгүй гарах болоход нь дуудаж уулзахад “Эхнэр орон нутагт эмч хийж байгаа болохоор хоёр талд ажиллах хэцүү байна” гэж хэлж байсан удаа бий.

-Та ажилчдынхаа өргөдлийг су­далж үздэг юм уу?

-Судална аа. Хүмүүс эмнэлгийн дарга гэхээр зөвхөн гарын үсэг зураад суудаг гэж ойлгодог байх. Үүдээрээ орж ирэхдээ бүх зүйлийг харж, тэрийг, энийг цэгцлээч, энийг яагаад хөдөлгөчихсөн юм гэж ярьсаар байгаад л өрөөндөө орж ирдэг. Ер нь маш өргөн хүрээгээр хардаг байх хэрэгтэй. Одоо эрүүл мэндийн салбарын нэр хүнд мэргэжилтэн эмч мэргэжилтнүүдийн ёс зүйн хандлагатай их холбоотой. Түр зуурын бухимдал, ажлын ачааллаас болж ёс зүйгүй харьцахад иргэд гомдож, үл ойлголцол үүсэх асуудал байна. Хэзээ ч ийм асуудал байж болохгүй. Нэгэнт л бид энэ мэргэжлийг сонгоод тангараг өргөчихсөн бол маш хүлээцтэй байх хэрэгтэй. Хэдий ганцхан минут ч гэсэн хүний үгийг сонсоход тухайн бухимдаж байгаа иргэн тайвшрах боломжтой хугацаа. Тулгамдсан асуудалтай хүний үгийг бага гэлтгүй сонсоод гарахад л тодорхой хэмжээгээр ямар нэгэн үл ойлголцол гарахгүй байх боломжтой. Ажилтны ёс зүйн хандлагыг сайжруулах чиглэлээр манай эмнэлэг сүүлийн жилүүдэд нэлээн анхаарал тавьж ажиллаж байгаа.

-Өөрчлөлт гарав уу?

-Гаралгүй яах вэ. Ямар ч салбарт ажиллаад л байвал үр дүн гардаг биз дээ. Түүнтэй л адилхан. 2014 онд ёс зүй, харьцаа, хандлагын жил болгосон. 2015 онд ёс зүйг эрхэмлэсэн эв нэгдэл, итгэлцлийн жил гэж нэрлэсэн. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр өөр хоорондоо эвтэй, үйлчлүүлэгчдийг хүндэлж, хоо­рондоо итгэлцэлтэй бай гэдэг зарчмаар ажилласан. 2016 оныг харилцааны, 2017 оныг байгууллагын соёлын жил болгон зарласан. Байгууллагын соёлд хувь хүн хэрхэн нөлөөлөх юм, зөвхөн будаг, засвар хийх бус ажилчид хүртэл харилцааны өндөр соёлтой байх ёстой гэдэг үүднээс соёлын жил болгосон. Энэ онд бид зорилтоо тодорхойлсон. Засгийн газрын бодлогоор ч, бүх төвшинд  сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан даалгавар хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор сахилга хариуцлагын жил болгосон. Бүх ажилтан сахилга хариуцлагын карттай болж байгаа. Ямар сахилга хариуцлагын зөрчил байгааг нь картанд нь бүртгэж, холбогдох арга хэмжээг авч, засч залруулах, алдааг нь давтахгүй байх талаас нь бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. 

-Улсын эмнэлгүүдэд иргэдийн зүгээс гомдол мэдүүлэх нь бий. Танайд ч бас ирдэг л байх. Тийм үү? 

-Яг өнгөрсөн жилийн хувьд эмч мэргэжилтний үйл ажиллагаа, ур чадвартай холбоотой гомдол гараагүй. Өргөдөл ирээгүй гэсэн үг. Зөвхөн харьцаа хандлагатай холбоотой гомдол гэхэд 2016 оныхоос өнгөрсөн онд буурсан байна лээ. Энэ нь харьцаа хандлагын зөрчил харьцангуй багасч байгаагийн илрэл байх.Нэгэнт энэ сэдэв хөндөснийх нэг зүйл нэмж хэлэхэд иргэд ч бас үйлчилгээний соёлтой байх хэрэгтэй байна. Банк, үүрэн телефоны газруудаар үйлчлүүлэхдээ 100 гаруй хүний дараа цаг байвал авчихаад хүлээгээд суугаад байдаг. Ямар нэгэн үг хэлдэггүй. Тэгсэн хэрнээ эмнэлэгт орж ирээд хоёр, гурван минут хүлээж чаддаггүй. “Танай дараалал их байна, үйлчилгээ удаан байна” гээд эхэлдэг. Биднийг аль болох хүлээгдэл чирэгдлийг багасгах, иргэдийн гомдлыг нааштайгаар хүлээж авах талаас нь хичээж байгааг хаяадаа бас ойлгомоор л байгаа юм.

-Эмч, эмнэлгийн ажилтны ур чадвартай холбоотой гомдол байхгүй гэж та арай дэгсдүүлчихэв үү, үгүй юу?

-Яалаа гэж. Эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадвартай холбоотой гомдол өнгөрсөн онд ирээгүй нь үнэн. 

-Хүмүүс өвчин нь хөнгөн үедээ хувийн эмнэлэгт очиж, хүндрэхээр нь улсын эмнэлэгт ханддаг. Танай эмнэлэгт гэхэд ихэвчлэн өвчин нь хүндэрсэн өвчтөнүүд ирдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүн амын төвлөрөл их байгаа учраас улсын эмнэлгийн ачаа­лал өндөр байгаа. Энэ хэрээр хувийн эмнэлгүүд ч гэсэн өөрийн менежментийн хүрээнд үйл ажилла­гаагаа явуулдаг нь тодорхой. Гэхдээ өндөр хариуцлагатай байх ёстой. Үйлчилгээгээ төгс үзүүлдэг байх хэрэгтэй. Өвчтөнөө хүндрэхээр нь төв эмнэлэг рүү шилжүүлдэг хандлагатай нь үнэн. Тухайн үйлчилгээг бүрэн үзүүлж чадна гэж өвчтөн авч байгаа бол бүрэн хариуцах хэрэгтэй. Өнгөрсөн онд хувийн эмнэлгүүдээс хүндэрч ирсэн, эдийн засгийн болон эрүүл мэндийн чирэгдэл үүсгэсэн тохиолдол нэлээн олон гарсан. Уг нь ийм тохиолдол байх ёсгүй юм. Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Манай эмнэлэгт зөвхөн зүрх, мэдрэлийн чиглэлээр бус ерөнхий мэс заслын чиглэлээр бусад уушиг, элэг цөс, бөөрний өвчин нь хүндэрч ирсэн тохиолдол олон. Хувийн эмнэлэгт эмчлүүлээд эмнэлэг нь дийлэхээ байгаад гуравдугаар шатлал руу шилжүүлчихдэг. Ер нь л яаралтай мэс заслын чиглэлээр хувийн эмнэлгээс сар бүр хүн ирдэг. Яагаад гэхээр хувийн эмнэлэгт мэс заслын үеэр хүндрэхээр нь  өвчтөний ар гэрийнхэн нь улсын эмнэлэг рүү шилжүүлэх нь элбэг. Тэгэхээр чинь энд ирж байж эдгэнэ гэдэг итгэлтэй байнаа л гэсэн үг биз дээ. 

-Сар бүр ийм тохиолдол бүртгэг­дэнэ гэхээр бас л том асуу­дал шүү дээ. Энэ тал дээр гурав­дугаар шатлалын төв эмнэлгийн хувьд яаманд саналаа хүргүүлэх, тайлангаа мэдээлж болох уу?

-Болно. Өнгөрсөн жил манай эмнэлгийн санаачилгаар гурван удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэвлийн хөндийн яаралтай мэс заслын чиглэлээр тусламж үйлчил­гээ үзүүлж байгаа хувийн эмнэлгүүдийн эмч нарыг урьж, ийм асуудлууддаа онцгой анхаарч, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг сайжруулах хэрэгтэй гэдэг зөвлөмж зөвлөгөө өгч, гуравдугаар эмнэлгийн зүгээс туслахад бэлэн байгаагаа хэлсэн. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд оролцож, хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргэгдсэн. 2017 оноос нийслэлийн Эрүүл мэндийн газар эрс шинэчлэл хийж байгаад бидний хувьд таатай байгаа. Тухайлбал, ихэнх дүүргийн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасгууд нээж байна. Энэ бол их хариуцлага хүлээж байгаа хэрэг. Энэ хүрээнд үйл ажиллагааг өргөжүүлж, яг ямар өвчнөөр дүүргийн эмнэлгүүдэд хагалгаа хийх вэ гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын тушаал нь гарч, төв эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу эмч мэргэжилтнүүдийг нь ажлын байран дээр нь сургах, мэс засалд нь оролцож, тусалж, дэмжих үйл ажиллагаа явж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн хувийн эмнэлэгт зөвлөх эмч нарыг томилсон. 

-Гуравдугаар эмнэлгийн эмч нар энэ салбартаа эргээд багшилж, зааж, сургаж, зөвлөдөг гэж ойлгож болох уу?

-Ерөөсөө манай эмнэлгийнхний гол үүргийг нэг нь энэ. Лавлагаа шатлалын төв эмнэлгийн үүрэг нь эмнэлгийн тусламжаас гадна сургалт, эрдэм шинжилгээ хийдэг. Лавлагаа төвшний төрөлжсөн эмнэлгийн гол үүрэг нь сургалт аргазүйн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байх ёстой. Бусад шатлалын эмч нарыг тасралтгүй сургах, тэд нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр дэмжиж туслах зайлшгүй үүрэг байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд бид өнгөрсөн онд 21 аймгийн 80 гаруй хувьтай нь хамтарч ажилласан байна. Сумын эмнэлгүүдээс эмч, мэргэжилтнүүдээ явуулж, манай эмнэлэгт дадлагажуулж байна. Бүх талаар нь дэмжиж ажиллаж байгаа. Тэнд хэдийгээр өөр эмнэлэг, өөр байгууллага байгаа ч гэсэн бид нэг л зорилгын төлөө үүрэг хүлээж ажиллаж байгаа. 

-Танай эмнэлгийг түшиглэн Зүрх судасны төв барина гэж дуулсан. Тархи мэдрэл, зүрх нь өвдсөн бол яадаг ч байсан гуравдугаар эмнэлэгт хэвтчихвэл болно доо гэж хүмүүс их ярьдаг. Бараг монгол хүний итгэл, үнэмшил болсон ч гэж болно. Бүхэл бүтэн хүний амьдралын итгэл энэ хоёр тасагт их байх шиг байна. Энэ их итгэлийн хажуугаар бусад тасгаа хөлдөө чирээд байна уу гэж харагддаг. Та үүнд тодорхой хариулт өгөөч?

-Уг нь харин ч жигд хөгжиж байгаа шүү, манай эмнэлэгт. Ерөнхийдөө зүрх, мэдрэлийн чиглэлийн үндэсний лавлагаа төв эмнэлэг гэдэг нь үнэн. Гэхдээ зүрх мэдрэлийн асуудалтай хүмүүсийнх олонх нь хавсарсан өвчлөлтэй байдаг. Ер нь л манай монголчууд  чинь хоёроос гурван хавсарсан өвчинтэй байдаг. Уушги, бөөр, нүд, чих хамар хоолой гэдэг ч юм уу. Гурван жилийн өмнөх нүд, чих хамар хоолойн мэс заслын тоног төхөөрөмж, хүний нөөц нь ямар байсныг өнөөдрийнхтэй харьцуулахад тусламж үйлчилгээ нь эрс өөрчлөгдсөн. Одоо нүдний мэс заслаар гэхэд нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг гэхэд улсын хэмжээнд ганцхан манай эмнэлэг хийж байна. Бүх насныханд үйлчилгээ үзүүлж байгаа. Өнгөрсөн онд бага насны найман хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Харьяаллаар уг нь манайд хүүхэд хэвтэх ёсгүй. Тэгэхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон нэгдүгээр эмнэлэгт хийх боломжгүй хагалгааг манайд хийж байх жишээний. Эмнэлгийн хэлээр тайлбарлахад ойлгохгүй байж магадгүй энгийнээр хэлэхэд ерөнхийдөө торлог шилэнцэрийн хагалгаа гэдэг маш өндөр технологи ур чадвар шаарддаг хүнд ажил. Үүнийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн онд нийт 27 шинэ технологи нэвтрүүлсний 10 гаруй нь нүдний чиглэлд нэвтрүүлсэн. Нүдний хавдар, нөхөн сэргээх хагалгаа зэрэг мэс заслуудад шинэ технологиуд нэвтрүүлсэн. Тэгэхээр бусад тасгаа хөлдөө чирээд байна уу гэж яасан ч хэлж болохгүй байх. Гэхдээ энэ асуултаас үүдээд илүү сайн таниулан сурталчлах үүрэг өөртөө нэмж хүлээе гэж бодож байна шүү. 


-Нүдний хавдрын хагалгааг Хав­дар судлалын үндэсний төвд бус яагаад танайд хийж байгаа юм бэ?

-Нүдний хавдрын чиглэлийн мэс засал бол нүдний үндсэн тусламж үйлчилгээ хийдэг тасагт л хагалгаа хийдэг гэдгээрээ тусдаа хийгдэж байгаа юм. 

-Ерөнхий мэс заслын тухайд?

-Манай уушгины тасаг гэхэд 21 аймаг, есөн дүүрэгт алсын болон зайн дуудлагаар үйлчилдэг. Сайдын тушаалаар зүрх, мэдрэл, уушгины чиглэлээр алсын зайн оношилгоо, тусламж үзүүлдэг. Ерөнхий мэс заслын чиглэлд гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлж байна.Харин зүрх судасны төв байгуулах тухайд өнгөрсөн онд Монгол, Солонгосын эдийн засгийн форумын үеэр хоёр удаа хэлэлцэж, дэмжигдсэн. Эрүүл мэндийн сайдад төслөө танилцуулж, хүргүүлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцаад энэ саналыг дэмжиж, Засгийн газрын төвшинд үйл ажиллагааг нь танилцуулж, ажил болгоно гэсэн байгаа. 

-“Санаанд багтаад байна аа” гэж манайхан их ярьдаг. Таны эмнэлгийн даргаар томилогдох үедээ бодож байсан тэр санаа, төлөвлөгөөнд энэ бүх шинэчлэл багтаж байв уу, ер нь?

-Би эмнэлгийг 2013 оноос удирдаж ажиллахад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, үндэсний хэмжээний лавлагаа төв болгох, бүх тасаг нэгжийн хэмжээнд жигд хөгжүүлэх бодлого барьж ажилласан. Дарга болоод эхний хоёр жилд хийе гэж бодож байсан ажлууд ерөнхийдөө хэрэгжсэн. Одоо яаралтай тусламжийн тасаг огт өөр төвшинд хүрсэн. Эрчимт эмчилгээ, харвалт шигдээсийн тасаг, мэс заслын тасгууд 2013 оныхоос өнөөдрийн огт шинэ төвшинд хүрч чадсан. Гэхдээ яаж ч бас санаандаа багтаасан бүхнээ хийчихлээ гэж хэлэх вэ. Хүн чинь урагшаа л тэмүүлдэг шүү дээ. 

-Гэсэн ч та одоо бол өөр шинэ зорилтын өмнө зогсож байгаа байх нь. Тийм үү? 

-Тэгж хэлж болно. Ялангуяа мэдрэ­лийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн яам, олон улсын байгуул­ла­гад хандсан байгаа. Улсын хэмжээний мэдрэлийн төвийн төвшинд хүргэхийн тулд тоног төхөөрөм­жөө улам бүр сайжруулах, бодлогоор дэмжих шаардлага бий. Наад зах нь, манайх үндэсний хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв гэхэд өнөөдөр MRI оношил­гооны аппаратгүй байгаа. Хүнд өвчтөнүүдээ зөөвөрлөж, хувийн эмнэлгүүд рүү явдаг. Энэ оны эхний зорилго бол үүнийг өөрчлөх. Улсын төсөвт санхүүжилт нь суусан болохоор асуудалгүй бүтнэ гэдэгт итгэлтэй байгаа. Шинэ аппараттай болоход УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд хүчин чармайлт их тус болсон. 

-Хүмүүс тань руу утсаар их залгаж ярьдаг байх. Тань руу залгаж буй тэр хүмүүс мэдээж танаас мөнгө гуйхгүй. Амь нас, эрүүл мэнд л гуйж байгаа. Тэр болгонд нь та тусалж чаддаг уу. Мэдээж иймэрхүү харилцаатай холбоотой танил талдаа үйлчилдэг гэх мэтээр шүүмжлэл гарах нь бий байх. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Эмч хүн гэдэг бол тангараг өргөсөн энэрэнгүй үйлсийн ажилтан. Тэр утгаараа миний хувь хүн талаасаа баримталдаг зарчим байдаг. Ямар ч тохиолдолд, ямар ч хүнд миний талаас тусламж хүсэхэд ямар нэгэн байдлаар боломжоороо тусалчих юмсан гэсэн амьдралын зарчим баримталдаг юм. Ямар ч хүн хандсан асуудлыг нь зохицуулчих юмсан гэж боддог. Хүний өөрийнх нь хүмүүжил хандлага байдаг л даа. Үгүй гэж хэлж чаддаггүй. Эмч хүн хүнд энэрэнгүй хандах ёстой. Тухайн үед ор дэрний хүрэлцээ байхгүй байж болно. Гэхдээ сэтгэл гаргаад үйлчилье гэвэл зохицуулах арга зам маш их байгаа. Түүнийг хэзээ ч мартаж болохгүй. Таних, танихгүй хэн ч байсан намайг зориод ирж байхад би ямар нэгэн байдлаар туслах юмсан л гэж боддог.

-Таны утсанд танихгүй дугаа­раас дуудлага ирэхэд авдаг уу?

-Бүгдийг нь авдаг. Танихгүй хүн байна гээд авахгүй байсан удаа байхгүй. Огт танихгүй хүн утасдаад “Би ийм хүн байгаа юм аа” гээд залгахад би “Та миний дугаарыг хаанаас авсан юм бэ” гэж асуудаггүй. Тэр хүн над руу зорьж залгаж байгаа юм чинь туслахыг л бодож “Боломжтой бол та хүрээд ирээрэй. Туслахыг хичээе” гэж хэлдэг. Хувь хүний хандлага, хүмүүжил нөлөөлдөг байх талтай. Эмч хүний тангараг, хувь хүний зарчим хоёроо эмчээ хийж байна уу, эмнэлгийн даргаа хийж байна уу мартах ёсгүй гэж боддог суурь итгэл үнэмшилдээ үнэнч яваа л гэж өөрийгөө боддог доо, би. 

-Ярилцлагын төгсгөлд тодруу­лахад та, аль болох эмчийнхээ ажлыг боломж бололцоогоор хий­хийг хичээдэг, долоо хоногт тогтмол мягмар гарагт үзлэг хийж, зөвлөгөө өгдөг гэж байсан даа. Хамгийн сүүлд та хэзээ үзлэг хийсэн бэ?

-Өчигдөр. Уушгины компьютерийн зурагтайгаа ирээд үзлэг хийлгэж, зөвлөгөө аваад явсан. Сэхээний тасагт уушгины асуудалтай хүмүүс их болсон. Зөвхөн уушгины мэргэшлийн хувьд ярихад уушгины өвчлөл хэв шинжит бусаар тохиолддог болсон. Уламжлалт бусаар гэсэн үг. Нэг ханиад хүрлээ гэхэд их хурдан хүндэрч, хатгалгаа болдог. Хатгалгаа нь уламжлалт аргаар богино хугацаанд эмчлэгдэхгүй. Үүсгэгч нь хүртэл өөрчлөгдөж байна. Богино хугацаанд хүндэрч, амь насыг тулгамдсан байдалд хүргэх уушгины хатгалгаа сүүлийн жилүүдэд ихэсч байна. Төрсөн болон жирэмсэн эхчүүдэд уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа их тохиолдож байна. Н1N1-ийн үеэр Эрүүл мэндийн яамны зөвлөх багт уушгины чиглэлээр ажиллаж байсан. Орон нутгийнханд зөвлөгөө өгдөг.

-Ер нь яавал монгол хүний уушги эрүүл байх вэ?

-Монголчуудын хувьд агаарын бохирдолтой хамт тамхидалт гамшгийн төвшинд байгаа. Энэ нь үнэхээр аймшигтай үр дагавартай. Тамхины нөлөөлөл одоо мэдэгдэхгүй ч тав, арван жилийн дараа үр нөлөө нь гардаг. Дээр нь, агаарын бохирдлын зэрэгцээ хөрс, усны бохирдолттой холбоотой хүний эрүүл мэндэд тулгамдаж асуудал их байгаа. Сүүлийн үед уул уурхайтай холбоотой уушгины өвчлөл эрс нэмэгдэх болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар уушгины архаг бөглөрөлт өвчнийг 2020 он гэхэд дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын г