ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

2017 оны 2 сарын 8, 9-ны өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ- ИРГЭН БҮРТ” уриан дор Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ОУ-ын байгууллагууд 2017 онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдлаа шүүн хэлэлцэж, 2018 онд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэлийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр ЭМЯ-аас 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулж эрүүл мэндийн байгууллагуудын ажлыг дүгнэлээ. Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагууд дундаас Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 90.3 хувиар “Маш сайн” (А) үнэлгээгээр “ДЭД БАЙР“ эзэлж, 2017 оны салбарынхаа шилдэг эмнэлгүүдийн нэгээр шалгарлаа. 

Тус эмнэлэг Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс 2015 онд “Дэд байр”, 2016 онд “Тэргүүн байр”, 2017 онд “Дэд байр” буюу сүүлийн 3 жил дараалан ийнхүү салбарын шилдэг эмнэлэгээр шалгараад байна.

Хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллагаар шалгарсан нийт Шастинчууддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Эрүүл мэндийн салбарт “үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”-ний соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг маань үргэлжид эерэг хандлагаар ойлгон дэмжиж, эрүүл энхийн төлөө хамтран зүтгэхээр эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилчид бидэнд итгэл хүлээлгэсэн иргэд, үйлчлүүлэгч та бүхэндээ нийт хамт олныхоо нэрийн өмнөөс талархал дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА