“ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Диабетийн Төвөөс “Чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлье”  сэдэвт өдөрлөгийг 2018 оны 02 сарын 28 өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөг нь иргэд, үйлчлүүлэгчдэд чихрийн шижин өвчин, түүний хүндрэлийн талаар баталгаатай үнэн зөв мэдээлэл ойлголт өгөх, чихрийн шижингийн үед гарч болох хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн мэдлэг, хандлагыг сайжруулж өөрчлөхөд  туслах зорилготой бөгөөд энэхүү сургалт, өдөрлөг тус эмнэлэг дээр улирал тутам зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн юм.

Энэ удаагийн өдөрлөгийн үеэр “Чихрийн шижин өвчин түүний хүндрэлүүд, эмчилгээний орчин үеийн чиг хандлага”, “Чихрийн шижингийн үеийн хооллолт”, “Чихрийн шижин аюулын харанга”, “Чихрийн шижингийн үеийн хоол орлуулах бүтээгдэхүүн” зэрэг сэдэв, чиглэлүүдээр сургалт, интерактив видео хичээлүүд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр 25 хүний захын цусанд глюкоз тодорхойлж, 35 хүнд чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээг хийж, 56 хүнд биеийн жин, өндөр, БЖИ, бүсэлхийн тойрог, цусны даралт хэмжилтийг хийж, эрсдэлтэй иргэдэд дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмж өгч “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Цусанд сахар багасах”, “Цусанд сахар ихсэх”, “Таргалалт” сэдэвт 4 төрлийн гарын авлага бэлтгэн түгээж таниулга сурталчилгаа хийлээ.