БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Бөөр ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” уриан доор зохиогдож байна.


Энэхүү өдрийн тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хамт олон “Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар” аяныг зохион байгуулан тус эмнэлгийн Гемодиализ эмчилгээний тасаг, Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасаг, Сувилахуйн алба, Дотрын 11-р тасгийн хамт олон тодорхой чиглэл бүхий эмэгтэйчүүдэд зориулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр 24-64 насны нийт 113 эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийн, цусан дахь сахарыг тодорхойлох, цусны даралт хэмжих, захын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, биеийн жингийн индекс тодорхойлох, эрсдэлт бүлгийн 40 эмэгтэйд зүрхний цахилгаан бичлэг, 39 эмэгтэйд чанд авиан шинжилгээ хийж, 5 эхэд /14 хоногтой нярай -1 эх, 2 сартай -1 эх, 6-9 сартай -3 эх/ үзлэг, оношилгоо хийн гарын бэлэг тараалаа. 

Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийн үеэр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх болон гараар дамжих халдвараас сэргийлэх талаар сургалт, мэдээлэл хүргэж, “Бөөрний өвчний урьдчилан сэргийлэлт‘’, ‘’Эрүүл амьдралын хэв маяг ‘’ сэдвээр сургалтуудыг зохион байгуулан ажиллалаа.