ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН БАГ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр Монгол Улсын Засгийн газар, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны дагуу “Монголын Зүрх судасны төв, Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийн үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт Люксембургын Зүрхний төвийн удирдлага болон 10 хүний бүрэлдэхүүнтэй зүрхний мэс заслын баг хүрэлцэн ирж, тус эмнэлгийн зүрхний мэс заслын багтай хамтран зарим хүнд хэлбэрийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, зүрхний төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, зүрхний мэс заслын тусламж үйлчилгээ, зүрх судасны мэс заслын эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр ажлын байрны сургалт зохион байгуулж хамтран ажиллалаа.

Дээрх хугацаанд хоёр улсын хамтарсан баг зүрхний олдмол гажиг оноштой насанд хүрсэн 11 хүнд митрал хавхлага солих, гол судасны өгсөх хэсэг болон аортын хавхлагыг засах зэрэг хавхлагын болон том судасны хүнд хэлбэрийн мэс заслуудыг хамтран хийсний зэрэгцээ, манай эмч нарын бие даан хийх боломжгүй байсан аортын гол судасны цочмог хуулрал оноштой 38 настай үйлчлүүлэгчид яаралтай журмаар графтстент тавих мэс засал эмчилгээ хийж амь насыг нь аварлаа.