Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй танилцаж хамтран ажиллахаар болов

2018 оны 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Н.А.Семашкогийн нэрэмжит ОХУ-ын Буриад улсын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Е.Ю Лудупова тэргүүтэй удирдлагын баг болон эмч мэргэжилтний төлөөлөл Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлаж хамтран ажиллалаа.

Төлөөлөгчид хоёр өдрийн турш тус эмнэлгийн удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа, зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, дүрс оношилгоо, судсан дотуурх оношилгоо эмчилгээ болон дотрын мэргэжлийн тасгуудын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаж, хойшид хамтран ажиллах тухай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж,  гарын үсэг зурлаа.

Хоёр тал цаашид хамтран ажиллах гэрээний дагуу Зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс засал болон судсан дотуурх мэс заслын чиглэлүүдээр нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох, ажлын байрны дадлага сургалт зохион байгуулж эмч эмнэлгийн мэргэжилтнээ чадавхижуулах, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах юм.