“АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь ЭМС-ын 2013 оны 11 сарын 14-ны өдрийн 433 дугаар тушаалаар Монгол улсын хэмжээнд зүрх, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ болон зүрх мэдрэлийн эмнэлзүйн лавлагаа сургалтын чиглэлүүдээр нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээж ажилладаг бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд ижил үүрэг, чиглэлийн болон бусад шатлалын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дээрх эмнэлзүйн чиглэлүүдээр чадавхижуулах сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөмжөөр хангах үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээн ажилладаг юм.

Энэ үүргийнхээ хүрээнд тус эмнэлэг ЭМЯ-ны ивээл дор 2018 оны Олон Улсын Сувилагчдын өдрийг угтан 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төв эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв түүний харъяа өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд “Амилуулах тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт мэдлэг, ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү мэдлэг, ур чадварын тэмцээний үндсэн зорилго нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг амилуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээний олон улсын стандарт, удирдамжийн дагуу чанартай түргэн шуурхай үзүүлэх ур чадварт сургах, амилуулах тусламж үйлчилгээ үзүүлэх үеийн бэлэн байдал,  болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллах чадварт сургах, амь тэнссэн үед багаар ажиллах ур чадвар, хандлага эзэмшүүлэх, яаралтай үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтний оролцоо, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг бодитойгоор сайжруулах явдал юм. Тэмцээнд ЭМЯ, ЭМХТ, МСН, НЭМГазрын төлөөлөгчид урилгаар оролцож, Яаралтай тусламжийн нийгэмлэг, ХӨСҮТөвийн эмч, мэргэжилтнүүд шүүгчээр ажиллалаа.

Уг “Амилуулах  тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт мэдлэг, ур чадварын тэмцээнд бидний урилгыг хүлээн авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, УБ Төмөр замын эмнэлэг, Баянгол эрүүл мэндийн төв,  Номун эмнэлэг, UNIMED эмнэлгийн нийт 6 баг 5 чиглэлээр мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорьсноос 1-р байранд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, 2-р байранд УБ Төмөр замын эмнэлэг, 3-р байранд UNIMED эмнэлгийн хамт олон шалгарлаа.

Бидний урилгыг хүлээн авч мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорьсон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, УБ Төмөр замын эмнэлэг, Баянгол эрүүл мэндийн төв, Номун эмнэлэг, UNIMED эмнэлгийн хамт олонд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захиргаа, хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.