“ҮҮДЭН ЭМНЭЛГИЙН СОЁЛ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн “Зөвлөх поликлиник”-ийн хамт олон “Үүдэн эмнэлгийн соёл” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь тус эмнэлгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ны хүрээнд зохион байгуулсан бөгөөд “Зөвлөх поликлиник”-ийн үйл ажиллагааг иргэд үйлчлүүлэгчид болон эрүүл мэндийн байгууллагуудад сурталчлан таниулах, угтах үйлчилгээг чанаржуулах, эмнэлгийн ажилтны хариуцлагыг өндөржүүлэх зорилготой юм.

Тус арга хэмжээний үеэр иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулан, цахим бүртгэлийн үйл ажиллагаа, программ хангамж, эмчийн цаг товлолт, үзлэг, шинжилгээний цаг хэрхэн авах, бичиг баримтын бүрдэл зэрэг мэдээллийг хүргэж, “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Таргалалт”, ”Чихрийн шижингийн үеийн хөлний арчилгаа” сэдэвт 3 төрлийн гарын авлага тараах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.