РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН “СУДЛААЧ-2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VI ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа нийт резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарынхаа дунд “Судлаач-2018” уламжлалт эрдэм шинжилгээний VI хурлаа 2017 оны 05 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг дээрх эрдэм шинжилгээний хуралд тус эмнэлгийн болон УНТЭ, УХТЭ, АШУҮИС, “Ач” АУИС зэрэг бусад сургалт эрхлэгч байгууллага, их дээд сургуулийн резидент эмч нар өөрсдийн эрдэм шинжилгээ судалгааны 35 өгүүлэл, 13 ховор тохиолдол, 6 онолын лекцийн материал ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн хурлын түлхүүр илтгэлийг ЭМЯ-ны Нүдний тусламжийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, дэд профессор Т.Булган “Амблиопийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт” сэдвээр уншиж сонордуулсан нь маш сонирхолтой байлаа. Ингээд резидент эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан 9 илтгэл аман хэлбэрээр танилцуулагдаж тэргүүн байранд тус эмнэлгийн нүд судлалын резидент эмч Б.Баттуяа, Э.Долгормаа, М.Оюунтунгалаг, Ц.Мөнхтуяа нарын “Болорын цайлттай хүмүүсийн мэс заслын өмнөх болон дараах өмнөд хоргын гүнийг харьцуулсан дүн” илтгэл, дэд байранд АШУҮИС-ийн дотор судлалын резидент эмч Б.Оюунчимэг, М.Бадамханд, Ч.Халиун, А.Номин-Эрдэнэ, Б.Тунгалаг, П.Солонго, Б.Мөнхцэцэг, Т.Түвшинжаргал, Б.Дулмаа, Ж.Пүрэвдолгор, С.Сайнбилэг, С.Ваанчигсүрэн нарын “Чихрийн шижинтэй хэвтэн эмчлүүлэгчдийн микроангиопатийн хүндрэлийн байдалд үнэлгээ өгөх” илтгэл, гутгаар байранд тус эмнэлгийн дотор судлалын резидент эмч Н.Саран, Б.Энхмөнх, Т.Пүрэвжаргал, Ц.Эрдэнэчимэг, Ч.Гэрэлтуяа, Д.Батнаран нарын “Зүрхний цочмог шигдээсээр эмнэлэгт эрт үеийн нас баралтыг шигдээс хамааралт судас болон хүндрэлтэй хамааруулан судалсан нь” илтгэлүүд, “Шилдэг ханын илтгэл”-ээр тус эмнэлгийн дотор, дүрс оношилгооны чиглэлийн резидент эмч нарын “Зүрхний цочмог шигдээсээр өвдсөн эрэгтэйчүүдийн цусан дахь тестостероны түвшинг судалсан дүн” судалгааны баг, “Чихрийн шижинтэй хэвтэн эмчлүүлэгчдийн микроангиопати хүндрэлийн байдалд үнэлгээ өгөх” судалгааны баг, “Кикүчи-Фүжимотогийн өвчин” судалгааны багуудын илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
“Судлаач-2018” эрдэм шинжилгээний VI дахь удаагийн хуралд идэвхитэй, оролцсон УНТЭ, УХТЭ, АШУҮИС, Ач АУИС, тус эмнэлгийн нийт резидент эмч, удирдагч багш нар, хурлын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар санаачлага зүтгэлтэй ажилласан тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн хамт олон, Сургалт судалгаа хамтын ажиллагааны алба, Эрдмийн зөвлөл болон оюуны бүтээлийг ивээн тэтгэж хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст эмнэлгийн захиргааны нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.