“ТАМХИ ЗҮРХЭНД ХОРТОЙ, ТАМХИЙГ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхий даяар жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тус өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгаас “Тамхи зүрхэнд хортой, Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор өдөрлөгийн арга хэмжээг нийт 100 гаруй эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн дунд зохион байгууллаа. 

Тус өдөрлөгийн үеэр эмч мэргэжилтнүүд иргэд үйлчлүүлэгч нарт “Тамхийг биш эрүүл мэндээ сонго” сэдэвт сургалтыг зохион байгуулж, эмнэлгийн гадна талын тамхи татах цэгт тамхины эсрэг ухуулга сурталчилгааг явуулан “Тамхины хор хөнөөл”-ийг харуулсан видео кино үзүүлэн тамхины эсрэг зан үйлд уриаллаа. 

Дашрамд хэлэхэд өнөөдрийн байдлаар дэлхийд 1.1 тэрбум хүн тамхи татаж, жил бүр 7 сая хүн буюу 6,5 секунд тутамд 1 хүн тамхинаас шалтгаалан нас бардаг бөгөөд үүний 900,000 гаруй нь дам тамхидалтаас болж нас барж байна. Манай улсын хувьд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 65%, эмэгтэйчүүдийн 20% нь тамхи татдаг судалгаа гарсан байна.