Люксембургийн Их Гүнт улсын Зүрхний мэс заслын 8 хүний бүрэлдэхүүнтэй эмч мэргэжилтний ээлжит баг 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 09-ний өдрүүдэд төлөвлөгөөний дагуу Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны төвд ажиллалаа. Тус баг Монгол улсад 2012 оноос эхлэн гэрээний дагуу жилд 2-3 удаа ирж ажиллаж байгаа бөгөөд манай эмч мэргэжилтнүүдтэй хамтран зүрх судасны мэс засал хийх, ажлын байран дах сургалт явуулах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа 6 нь том хүн, 5 сартайгаас 5 насны 5 хүүхэд нийт 11 хүнд зүрхний нээлттэй мэс засал хийсэн. Тухайлбал: Гол судасны хавхлага солих, гол судасны өгсөх хэсгийг хиймэл судсаар солих мэс заслыг 1 хүнд, гол судасны хавхлагыг нөхөн сэргээж өгсөх хэсгийг нь хиймэл судсаар солих мэс заслыг мөн 1 хүнд нэгэн зэрэг амжилттай хийв. Түүнчлэн 2 хавтаст хавхлагыг нөхөн сэргээх, 2 хавтаст хавхлагыг солих, зүрхний титэм судасны мэс заслуудыг тус тус хийж гүйцэтгэв. Мөн хүнд, хавсарсан хэлбэрийн зүрхний төрөлхийн хавсарсан гажиг оноштой бага насны 5 хүүхдэд Фаллогийн дөрвөл гажиг засах, ховдол хоорондын таславчийн цоорхой нөхөх, коарктаци засах, уушгины артери бөгжлөх зэрэг мэс заслуудыг 2 орны мэс засалчдын хамтарсан баг амжилттай хийлээ.