УРЛАГААР АНАГААХ “ӨНГӨТ ӨДӨР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Урлагийн Зөвлөл санаачлагаар Монгол улсад хүрэлцэн ирсэн АНУ-ын "Хоспитал Арт Сан”-гийн Арт Терапист нар 2018 оны 7 сарын 17-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй хамтран “Өнгөт Өдөр” өдөрлөг зохион байгууллаа. Урлагаар анагаах энэхүү өдөрлөг нь тус эмнэлэг дээр 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд анх удаагаа 2014 онд мөн Монголын Урлагийн Зөвлөл болон АНУ-ын Хоспитал Арт Сантай хамтран зохион байгуулагдаж байсан түүхтэй билээ.

Энэ удаагийн өдөрлөгөөр Хоспитал Арт сангийн уран бүтээлчдийн бэлтгэж ирсэн байгалийн сэдэв бүхий 5 уран зургийг мэргэжлийн уран бүтээлч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудын тусламжтайгаар тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтан зэрэг нийт 50 хүн хамтран өнгөөөр амилуулж, бүтээл болгон туурвилаа. Гайхалтай сайхан байгаль дэлхийн өнгө үзэмж, уул, усны чимээ, хөг аялгуу, түүний гоо үзэсгэлэн, сүр жавхлан, ан амьтны дүр байдал, тэр тусмаа Монгол ахуйг өнгө хослуулан дүрслэн харуулсан энэхүү уран зургийн 5 бүтээлийг тус эмнэлгийн үйлчилгээний нийтийн эзэмшлийн хэсгүүдэд байршуулан, үйлчлүүлэгч олныхоо мэлмийг баясгахаар байршуулах юм.

Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаад буй энэхүү “Арт Терапи" нь өвчний үеийн сэтгэлзүйн сөрөг илрэлүүдийг бууруулж, өвчтөнд тэдгээрийг даван туулах чадвар, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн бусдад үгээр илэрхийлэн ярьж чадахгүй байгаа өөрийн дотоод ертөнцийг нь ойлгуулах, дотоод сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодгоороо онцлог юм. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй улс орнуудын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эмчилгээний чанар, үр дүнг нэмэгдүүлэх, өвчтөний сэтгэлзүйн байдлыг тогтворжуулахад дээрх урлагийн төрлийг ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.