БНСУ-Ын ЧОСУН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, БНСУ-ын Чосун Их Сургуулийн Эмнэлэг хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. 

Тус эмнэлэг Чих, хамар, хоолойн мэс заслын чиглэлд тусламж үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөж, бага инвазив бүхий мэс заслын дэвшилтэд арга технологийг нэвтрүүлэх зорилгоор хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд хэрэгжиж буй “Сөүл төсөл”-ийн хүрээнд энэ онд БНСУ-ын Чосун Их Сургуулийн эмнэлэгт Чих, хамар, хоолойн мэс заслын эмч мэргэжилтнээ эмнэлзүйн сургалтанд сургаж дадлагажуулсан билээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд хоёр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамрын таславчийн муруйлт, хамрын ясны хуучин хугарал засах, таславчийн цооролт нөхөх, хамрын гоо сайхны мэс заслын сүүлийн үеийн дэвшилтэт шинэ арга технологи нэвтрүүлэх зэргээр чих хамар хоолойн мэс засал-сургалт зохион байгуулах, туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэх зэргээр хамтрах юм. 

Энэхүү арга хэмжээнд УГТЭ-ийн удирдлагууд, тус эмнэлгийн чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүд болон БНСУ-ын Чосун Их Сургуулийн эмнэлгийн профессор Ли Жун Юан, Чих хамар хоолойн мэс заслын профессор Чой Жи Юн, Сим Жу Хуан, сувилахуйн ахлах мэргэжилтэн Ким Жун А нар хүрэлцэн ирж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.