МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА, ЭМНЭЛГИЙН ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Даргын Б/323 дугаар тушаалаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн Далбаа, Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Тугийг өргөх ёслолын арга хэмжээг 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг жил бүр Үндэсний их баяр наадмыг угтан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эмч эмнэлгийн мэргэжилнүүдээ алдаршуулах, байгууллага хамт олноороо бахархах бахархалыг бий болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа Монгол Улсын Төрийн Далбаа, Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Туг өргөх эрхэм хүндтэй үүргийг 2017 оны ажил үйлсээрээ эмнэлэг хамт олноо хошуучлан ажиллаж, Монгол улсын төр засгаараа алдар гавьяагаа үнэлүүлэн төрийн өндөр одон медалиар энгэрээ мялаасан 12 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хүлээлгэж, батламж гардууллаа.