ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТ ЗОРИУЛЖ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УГТЭ-ийн хамт олон эрүүл мэндийн мэндийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан 2018 оны 08 сарын 2-ны өдөр нийгмийн эмзэг зорилтод бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Энэ өдөрт тус байгууллагын ивээлд амьдарч буй 70 гаруй иргэдэд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Мэдрэл, Хоол боловсруулах эрхтэн судлал, Зүрх судлал, Чих хамар хоолой, Нүд, Уушиг, Бөөр зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, хэвлийн хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, нүдний уг харах, хараа шалгах, элэгний В, С вирүс тодорхойлох зэрэг оношилгоонуудыг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн энэ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцсон эмч мэргэжилтнүүд маань тус төвд амьдардаг бусдын дэмжлэг, туслалцаа, халамж шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд өөрсдийн бэлтгэсэн хоол хүнсний материалыг хандив болгон гардуулж өглөө.