“ҮЖИЛТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхий нийтээрээ жил бүрийн 09 дүгээр сарын 13-ны өдрийг “Үжилтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тус өдрийг тохиолдуулан УГТЭ-ийн “Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг”-аас үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн үеэр иргэд, үйлчлүүлэгчдийн үжлийн тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, түүний хор, хохиролыг таниулах зорилгоор видео мэдээлэл, сургалт, танилцуулга хийгдсэн бөгөөд иргэдийн дунд үжлийн тухай мэдлэг дутмаг байдал нь үжлийг хүндрүүлэн олон эрхтний дутагдалд оруулан улмаар нас барах шалтгаанд хүргэж байна. 

Дашрамд хэлэхэд үжил нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад эмнэлгийн нас баралтанд хүргэх хамгийн түгээмэл шалтгааны нэг бөгөөд дэлхий даяар жил бүр 20-30 сая хүн, үүнээс 6 сая хүүхэд, 100000 гаруй эхийн үжлийн тохиолдол бүртгэгдэж байна. Мөн дэлхий даяар 4 секунд тутамд 1 хүн үжлийн улмаас хорвоог орхиж байдаг бөгөөд үжлийн эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд болох вакцин, антибиотик, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ байгаа хэдий ч үжил нь халдварын шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, эмнэлгийн нас баралтын 30-60%-ийг эзэлсээр байна.