Монгол, солонгос эмч нар бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэж байна

“Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын чадавхыг хөгжүүлэх” төслийн хүрээнд БНСУ-ын зүрхний мэс заслын профессорын баг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байна. Төслийн хүрээнд тэд 60 гаруй хүүхдэд зүрхний мэс засал хийсэн бөгөөд энэ удаа 10-аад багачуулд амьдрал бэлэглэхээр ажиллаж буй юм. Нярай хүүхдийн зүрхний өвчлөлийн талаар тус эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн их эмч, хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засалч Б.Булган, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн мэс засалч, профессор Ким Үн Хантай ярилцлаа.

Зүүн гар талаас: Ким Үн Хан, Б.Булган

 

Б.БУЛГАН: АГААРТ ГАРГАЛАА ГЭЭД ЗҮРХНИЙ ЦООРХОЙ НӨХӨГДӨХГҮЙ

-Солонгос эмч нар хэд дэх жилдээ танай эмнэлэгтэй хамтран ажиллаж байна вэ. Энэ удаагийн эмчилгээ, мэс заслын онцлог юу бол?

-Монголын хүүхдийн зүрхний мэс засалчдыг чадавхжуулахаар зургаа дахь жилдээ манай улсад ирлээ. Солонгос эмч нартай хамтарсан энэ мэс заслыг бид урьд нь цөөн тоогоор хийж байсан. Монголд хийх боломжгүй, багаж хэрэгсэл нь байхгүй, 1-3 сартай хүүхдүүдэд зүрхний мэс засал хийж буйгаараа онцлог. Энэ баг манай улсад сүүлийн дөрвөн жил тасралтгүй ирсэн. Уг төслийг олон улсын “Ротари” байгууллагаас сүүлийн хоёр жил санхүүжүүлсэн. Солонгос эмч нар сайн дураараа нэгдэн, хөгжиж буй орны эмч нарыг чадавхжуулан, хүнд хэлбэрийн мэс заслыг тухайн орондоо хийдэг болоход тусламж үзүүлдэг.

-Энэ удаа зөвхөн хүүхдүүдэд мэс засал хийж байгаа гэв үү?

-Мэс засалд яаралтай орох шаардлагатай хүүхдүүдийг эхлээд сонгосон. Гадаад улс руу явах гэж бичиг баримт бүрдүүлэх, виз гарахыг хүлээхээс эхлээд хугацаа алдсанаас дараа нь аврагдах боломжгүй болох магадлалтай хүүхдүүдэд хагалгаа хийлээ. Төрөөд нэг сар ч хүрээгүй нярайд мэс засал хийсэн.

-УГТЭ “зүрхний” гэх тодотголтой ганц эмнэлэг. Хамгийн багадаа хэдэн настай хүүхдэд зүрхний мэс засал хийж байв?

-Төрөөд эхний нэг сар дотор буюу 27, 28 хонож буй хүүхдүүдэд зүрхний мэс засал хийж байсан. ЭХЭМҮТ-д очиж хоёр, гуравхан хоногтой хүүхдэд ч хагалгаа хийсэн. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгаас шалтгаалан мэс засал хийх арга нь адилгүй. Солонгос эмч нартай хамтран зүрх зогсоож, нээлттэй аргаар мэс засал хийж байна.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өвчтөнд зовиур багатай, хагалгааны дараа хэвтэн эмчлүүлэх хугацаа богино аргууд нэвтэрсэн. Үүнээс суралцаж байна. Өмнө нь бид хүний биеийг хөргөн, цусны эргэлтийг удаашруулсан нөхцөлд мэс засал хийдэг байв. Одоо бол дэлхийн түвшинд хүрсэн арга буюу цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хийдэг. 10 кг-аас дээш жинтэй, зургаан сар хүрсэн хүүхдэд мэс засал хийхэд хагалгааны дараах хүндрэл бага гардаг. Эхээс төрсөн хоног, жин нь бага байх тусам мэс заслын дараа хүндрэл гарах эрсдэлтэй.

-Манай улсад зүрхний өвчлөлийн өнөөгийн байдал ямар байна вэ?

-Дэлхийд 1000 хүүхдийн найм нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг гэсэн статистик бий. Өндөр хөгжилтэй орнуудад ураг байхад нь зүрхний гажгийг эрт илрүүлдэг. Өөрөөр хэлбэл, эхийн хэвлийд гурван сартай байхад нь оношилчихдог учраас сүүлийн үед төрөлхийн гажигтай төрөх хүүхдийн тоо цөөрсөн.

Дауны синдромтой хүүхдийн 50 хувь нь зүрхний төрөлхийн гажиг хавсарсан байдаг юм. Манай улсад эрт илрүүлэг хангалтгүй учраас зүрхний гажигтай гэдгийг нь мэдэхгүй явсаар төрүүлчихдэг. 500 хүүхдийн 10-12 нь ийм гажигтай төрж байгаа нь дэлхийн дунджаас өндөр. Эмэгтэйчүүдийн цөөнгүй нь дөрвөн сар хүрснийхээ дараа жирэмсний хяналтад орж буй нь хугацаа алдаж байна.

Мөн хотжилт, агаар, хөрсний бохирдол, нүүрсний утааны хүнд металлын хор генийн түвшинд зүрхний гажиг үүсэхэд нөлөөлдөг. Эмэгтэйчүүд 40 наснаас дээш төрөх нь нэмэгдсэн. 35-аас дээш насанд дауны синдромтой болон зүрхний гажигтай хүүхэд төрөх магадлал нэмэгддэг юм. Зүрхэнд хөнгөн гажиг гэж байдаггүй. Хүнд болон хавсарсан хөх гажиг гэж бий.

-Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд БНСУ, БНХАУ руу эмчилгээнд олноороо явах юм. Манай улсад энэ төрлийг гажгийг эмчилж байгаа биз дээ?

-Манай эмнэлэгт Зүрхний мэс заслын тасаг байгуулаад 50 жил болж байна. ЭХЭМҮТ-өөс мэс засал хийх заалттай хүүхдүүд манай тасагт ирдэг. Хавсарсан хүнд хэлбэрийн гажгийн хагалгаа хийдэг ч дараагийн үе шат нь маш чухал. Тодруулбал, мэс заслын дараа Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм, тариа хэрэглэх шаардлагатай болдог. Үүнийг бид оруулж ирж чадахгүй шүү дээ.

Мэс заслаа техникийн алдаагүй хийсэн ч дараагийн асаргаа, сувилгаа, уушги, зүрхний хүндрэлээс сэргийлэх эм, тарианы хангамж муутай. Ийм тохиолдолд бид өндөр хөгжилтэй оронд мэс засал хийлгэхийг зөвлөдөг. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтад зүрхний хавсарсан хүнд болон хөх гажиг багтсан байдаг. Бид Монголд хийх боломжтой зарим мэс заслыг эл жагсаалтаас хасуулаад байгаа.

-Танай тасаг жилд хэчнээн хүнд мэс засал хийж байна вэ?

-Солонгосын эмч нартай хамтран 60 гаруй хүүхдэд мэс засал хийсэн. Энэ удаа 10-аад хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөөд байна. Манай тасаг зүрх зогсоож, цусны зохиомол эргэлттэй хагалгааг жилд 200-250 хүнд хийдэг. 3-3.5 сая хүн амтай улсын хувьд нэг төвд ийм хэмжээний мэс засал хийнэ гэдэг боломжийн тоо.

Төрөлхийн, олдмол, судасны гажгийн мэс заслыг нэмбэл мэдээж их тоо гарна. Мянганы сорилтын сангийн тусламжаар Зүрх, судасны төвтэй болсон. Люксембургийн вант улсын буцалтгүй тусламжаар дэлхийн түвшний багаж тоног төхөөрөмжтэй болсон учраас гадаад эмч нар манай нөхцөлийг голох бус, “Таатай орчинд хагалгаа хийх боломж бүрджээ” гэдэг юм.

-Зүрхний мэс заслыг “Сонгдо” болон танай эмнэлэгт л хийж байна. Өнгөрсөн тавдугаар сард УНТЭ-т зүрхний нээлттэй мэс засал хийсэн боловч хоёр өвчтөн нас барсан. Уг нь энэ хагалгааг өөр эмнэлэгт хийдэг болбол ачаалал буурах юм даа.

-Дээр хэлсэнчлэн 3-3.5 сая хүн амтай улсад зүрхний мэс заслын ганц төвтэй байхад болж буй юм. Олон улсын стандартад ч ийм хүнтэй оронд хангалттай гэж үздэг. Олон газар баталгаагүй мэс засал хийж байснаас нэг дороо төвлөрсөн нь дээр. Мэс заслыг ганц хүн хийхгүй, баг бүрдүүлнэ гэдэг маш том ажил. Гэхдээ өрсөлдөгчгүй, монополь хэлбэрээр удаан оршин тогтновол бас учир дутагдалтай. Бидний хийж чадахгүй мэс заслыг өөр эмнэлгийнхэн хийгээд эхэлбэл өрсөлдөөн дундаас үр дүн гарна. Энэ нь монгол хүний эрүүл мэндэд тустай шүү дээ.

-Сүүлийн үед зүрх нь цоорхой хүүхэд төрөх нь ихэссэн гэх юм. Агаар, салхинд байлгахаар эмгэг эдгэрдэг гэж үнэн үү?

-Агаар, салхинд гарч, хүчилтөрөгчтэй орчинд байлаа гээд зүрхний цоорхой хэзээ ч эдгэхгүй. Нэгэнт үүссэн нүх нөхөгдөхгүй, мэс заслын аргаар л эмчилдэг. Эхийн хэвлийд хүйн судсаар тэжээгдэж байсан ураг амьсгал авангуут зүрхний цоорхой нь бөглөрөх ёстой. Гэтэл гадаад, дотоод шалтгаанаас болоод зарим нь битүүрдэггүй. Агаар, салхинд гаргасан хүүхэд хахаж цацахгүй, ханиалгахгүй, зовиургүй болчихоор эцэг, эхчүүд эдгэрчихлээ гэж буруу ойлгоод байдаг.

 

КИМ ҮН ХАН: МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ МОНГОЛ ЭМЧ НАР Л ЭМЧЛЭЭСЭЙ

-Та бүхэн энэ удаа ямар бүрэлдэхүүнтэй ирэв?

-Бид өмнөх шигээ хүүхдийн зүрхний мэс засалч, зүрхний эмч, мэдээгүйжүүлэгч, техникч, сувилагч зэрэг олон хүний бүрэлдэхүүнтэй ирлээ. Энэ удаа судалгааны багийнхантай ирсэн нь онцлог. Өмнө нь мэс засал хийлгэсэн болон одоо орох гэж буй хүүхдүүдийн аав, ээжтэй уулзаж ярилцахын зэрэгцээ эмч, мэргэжилтнүүд юу сурч, мэдсэн талаар судалж байна. Энэ төслийг хэрэгжүүлж, зүрхний мэс заслын хамтарсан сургалт, үзлэг хийснээр хүүхдийн болон ар гэрийнх нь амьдралд ямар тус болсныг мэдэхийг хүссэн. Цаашлаад Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нь нөлөө үзүүлж буй, эсэхийг мэдэх зорилготой.

-Насанд хүрэгчдэд мэс засал хийх үү?

-Үгүй ээ, зөвхөн хүүхдүүдэд мэс засал хийж байна. Бид хамгийн яаралтай буюу өнөөдөр л мэс засал хийхгүй бол хожим аврах боломжгүй хүнд хэлбэрийн гажигтай хүүхдүүдийг сонгосон. Монгол эмч, мэргэжилтнүүдэд хоног багатай, нярай хүүхдэд зүрхний мэс засал хийхийг зааж сургах, туршлагаасаа солилцох, технологио эзэмшүүлэх зорилготой. Монгол хүүхдүүд гадаад руу олноороо эмчилгээнд явдаг. Гэтэл онгоцонд ч сууж чадахгүй хүнд өвчтэй хүүхдийг эх оронд нь аав, ээжийнх нь дэргэд мэс засалд оруулж, эмчилж буйдаа баяртай байна.

-Хамтран хийж буй мэс заслыг монгол эмч нар бие даан хийх боломж хэр байна. Манай эмч нар урьд нь нярай хүүхдүүдэд цөөнгүй хагалгаа хийсэн юм билээ.

-Ер нь бол бага багаар чадваржиж, туршлагажиж байна. Нярай, тэр дундаа эхээс төрөөд ганц, хоёр хонож буй хүнд хэлбэрийн зүрхний гажигтай хүүхдүүдэд мэс засал хийхэд туршлага судалж байгаа юм.

-Боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хангалт ямар байна вэ. Илүү сайжруулах зүйл ажиглагдав уу?

-УГТЭ-ийн мэс заслын тоног төхөөрөмж, өрөө маш их сайжирсан. Эмч, мэргэжилтнүүд хичээл зүтгэлтэй, хөгжиж дэвшиж байна. Бид зүрхний өвчтэй монгол хүүхдүүдийг монгол эмч нар эх орондоо 100 хувь эмчилдэг болоосой гэж хүсдэг.

-БНСУ-д зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд хэр олон байдаг вэ?

-Хүүхдийн төрөлхийн гажиг дундаас зүрхнийх нь хамгийн түгээмэл. Дэлхий даяар 1000 хүүхдийн найм нь зүрхний гажигтай төрдөг гэсэн статистик бий. Солонгос улсын хувьд зүрхний гажгийг ураг байхад нь оношилж, эцэг, эхтэй нь зөвлөн, төрөнгүүт нь шууд мэс засалд оруулдаг. Тиймээс эндэгдэл бага. Монгол Улсын эрүүл мэндийн салбар эрчимтэй хөгжиж буй учраас тун удахгүй ийм чадвартай болох байх.

Одоо бол багадаа эмчлүүлэхгүй, өвчнөө хүндрүүлсэн хүүхдүүдэд мэс засал хийж буй учраас хүндрэл бий. Нэмж хэлэхэд, Монголд эмнэлгүүд нь өөр өөрийн чиглэлээр эмч нараа мэргэшүүлжээ. Энэ нь зөв. Гэхдээ илүү хөгжье гэвэл эмнэлгүүдийн хамтын ажиллагаа маш чухал. Тухайлбал, зүрхний мэс заслыг Гуравдугаар эмнэлэгт хийгээд хагалгааны өмнөх болон дараах үеийн арчилгаа, сувилгаа, эмчилгээг ЭХЭМҮТ хариуцаж болох юм.

Эмч нар нь хамтран мэс засал, судалгаагаа хийдэг холимог системтэй болбол богино хугацаанд асар их хөгжинө. Гэтэл эмнэлгүүд нь тусгаар тогтносон улс шиг нэгнээ дэмжихгүй, хамтран ажиллахгүй бол асуудалтай.