Д.Эрдэмбилэг: Өөрийнхөө зүрхийг хайрлахгүй байгаа нь дэндүү амиа бодсон хэрэг

Дэлхийн зүрхний өдрийг (World Heart Day)  жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэж байхаар дэлхийн зүрхний холбооноос 1999 онд анх санаачилсан байдаг. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон манай улс уг өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн эмч Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

- Сайн байна уу. Нас баралтын шалтгаан дунд зүрх судасний өвчин дээгүүр жагссаар байгаа шүү дээ. Одоогийн байдлаар манай улсын хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

- Тийм ээ. Судас гэдэг нь өөрөө бүх эрхтэн тогтолцоонд  байдаг. Зүрх болон  судасны шалтгаантай нас баралтыг зүрх судасны тогтолцоотой өвчин гэж үздэг. Хүн амын дундах нийт нас баралтын 34 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчнүүдийн шалтгаант нас баралт буюу харвалт, шигдээс, зүрхний дутагдал, бөөрний дутагдал зэрэг шалтгаан байна. Харин 25 хувь нь хавдраас шалтгаалсан нас баралт байна. Мөн дэлхий дахинд жилд 17 сая хүн зүрх судасны тогтолцооны өвчнүүдийн улмаас нас бардаг бөгөөд хэрвээ энэ байдлаараа үргэлжилбэл 2030 он гэхэд 23 сая хүн ам болж ихэснэ гэх судалгаа гарсан байна. Түүнчлэн өвчтнүүдийн ихэнхи хувийг эрэгтэйчүүд эзэлдэг.

- Эрэгтэйчүүд их өвчилдөг шалтгаан нь юу байна вэ?

- Эрэгтэй хүнд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл их байдаг нь нөлөөлдөг. Үүнд архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний идэвхигүй байдал, таргалалт зэрэг ордог. Энэ нь эрэгтэй хүнд илүү давамгай байгаад байдаг болохоор тэр л дээ. Монгол улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд хийсэн судалгаагаар монгол эрэгтэй хүн болгоны хоёрны нэг нь тамхи татаж байна. Дээрээс нь таргалалт, даралт ихсэх нь эрэгтэйчүүдэд илүү байна гэж гарсан. Гэхдээ 65-аас дээш насанд эрэгтэй, эмэгтэй гэсэн харьцаа харьцангуй арилдаг  ба эмэгтэйчүүд ч адилхан зүрх судасны өвчнөөр өвчилдөг байна.

Зүрхний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Хамгийн сайн урьдчилан сэргийлэлт нь амьдралын хэв маягаа өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл халдварт бус өвчлөл, зүрх судасний өвчлөлийн эрсдэл нь тухайн хүний амьдралын хэв маягтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр амьдралын хэв маягаа шийдвэр гаргаад өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. Зүрх судасний өвчин хожуу оношлогдсон тохиолдолд эмчилгээ нь насан туршид үргэлжилдэг. Маш өндөр үнэтэй эмүүдийг насан туршдаа уух бөгөөд  байнга эмчийн хяналтанд, ар гэрийн асаргаанд, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үүсгэдэг учраас маш их дарамттай байдлыг үүсгэдэг.

Дээр хэлсэн эрсдэлүүдийг ард түмэн сайн мэддэг. Монголчуудын амьдралын хэв маягийг өөрчлөнө гэдэг их хэцүү. Зүрх судасны өвчнүүдийн эрсдэлээс татгалзахыг хүсдэггүй нь харамсалтай. Манайхан би өнгөрсөн хүн нэгэнт дөч, тавин жил тамхи татсан, олон жил суугаа ажил хийсэн хүн гээд тоодоггүй. Дээрээс нь манай Монголчуудын би хэдхэн наслах юм чинь энэ чигээрээ өөх тостой юм аа идэж, тамхиа татаж, давсаа хэрэглэж, байгаад үхье гэдэг зан зүрх судасний өвчинтэй тэмцэхэд саад болоод байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ наанаа ингэж хэлж байгаа ч амь насны асуудал тулаад ирэхэд миний эрүүл мэнд хамаагүй ээ гэдэг үг өвчтнүүдээс гарч байгаа нь эмч бид нарт сонсогддоггүй.  Хэн ч бай хурдан  үхэхийг хүсэхгүй шүү дээ. Би бодохдоо нэг хүний зүрх гэдэг гэр бүлийн зүрх гэж боддог. Таны зүрх өвдсөн үед гэр бүлээрээ л шанална, эдгээсэй гэж хүснэ. Тэгэхээр өөрийнхөө зүрхийг, эрүүл мэндийг хайрлахгүй байгаа нь дэндүү амиа бодсон хэрэг. Тэр хүн өөрийнхөө зүрхийг хайрлаж байгаа нь гэр бүлийнхээ зүрхийг хайрлаж байгаа хэрэг. Тэгэхээр би өөрийнхөө зүрх болон гэр бүлийнхээ зүрхнийхээ төлөө бий юу хийж чадах вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй. Нэмж хэлэхэд тамхинаас гарна гээд хэдэн сар татахгүй байгаа нь бүрэн гарч байгаа хэрэг биш. Тамхинаас гарахад дор хаяж 15 жил болж байж, тамхи татдаггүй хүний бие махбодтой ижил болох боломжтой байдаг.

- Манайхан зүрхээр хатгуулаад байна гэдэг. Үүнийг шууд оношилж болох уу? Хатгаад өвдөж байгаа үед ямар арга хэмжээ авах вэ. Валидол, долоогоны ханд зэргийг хэрэглэж байгаа нь эмчилгээ мөн үү?- Зүрх судасны өвчин гэдэг дотроо олон янз бий. Зүрх нь хатгаж өвдлөө гэхэд нэг хүний хувьд зүрхний судасны шалтгаанаар, нөгөө хүний хувьд зүрхний хавхлагын өвчний шалтгаанаар эсвэл зүрхний дутагдлын шалтгаанаар ч байж болно. Тэгэхээр ямар нэгэн зовиур илэрлээ гэхэд шинж тэмдэгээр нь оношилж чадахгүй, оношилох гээд ч хэрэггүй. Харин нөхцөл байдлаас шалтгаалан валидол, долоогоны ханд зэргийг ууж түр зуурдаа өвчнийг намдааж болно. Ингэж уулаа гээд өвчнийг эмчлээд байгаа хэрэг огт биш. Зүрх судасны өвчнийг тусгай нарийн мэргэжлийн эмчийн зөвөлгөөг авч, оношлогоо хийлгэж байж байж эм хэрэглэх нь маш чухал. Зүрхний өвчний үед гэнэтийн нас баралт болон хүндрэл гарах эрсдэл өндөртэй байдаг. Хэрвээ зовиур  илэрч л байгаа бол эмчид очиж үзүүлээрэй.

- Манай улсад зүрхний төв нээгдээд хир удаж байгаа вэ. Энэ салбарт ямар ахиц дэвшил гарсан байна вэ?

- Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг дээр 2001 оноос эхлэн зүрхний төсөл хэрэгждэг болсон. Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасаг нь 50 гаруй жилийн түүхтэй мөн Ангиографийн оношлогоо эмчилгээний тасаг, Зүрхний эмгэг судлалын тасгууд дээр үндэслэн Зүрх судасны төвийг нээсэн. Мөн 21 аймгийн эмч нартайгаа телемедицин буюу цахим сүлжээгээр холбогддог болсон. Энэ жилийн хувьд шинэлэг зүйл гэвэл халдварт бус өвчний эсрэг үндэсний хөтөлбөр боловсруулагдсантай холбоотой зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг боловсруулахад 21 аймгийн зүрх судасны эмч нар оролцож байгаа. Ингээд харахад 10 гаруй жилийн өмнө зүрхнийхээ өвчнийг яаж оношилох вэ, яаж эмчлэх вэ гэж ярьдаг байсан бол одоо бид ард түмнээ яаж зүрхний өвчнөөр өвдүүлэхгү байх вэ гэдгийг хэлэлцэж байна. Энэ нь өөрөө том ахиц дэвшил гэж бодож байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монголд эмчлэгдэх боломжгүй, заавал гадаадад улсад эмчлүүлэх шаардлагатай 30 гаруй өвчний жагсаалт байдаг. Улсын гуравдугаар эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдийн маань нэвтрүүлж байгаа мэс ажилбар, мэс заслуудын ачаар энэхүү жагсаалтнаас тодорхой өвчнүүдийг хасуулж, Монголдоо эмчлүүлэх боломжтой болгосон байгаа. Энэ нь тухайн өвчтний өвчнийг цаг алдалгүй эмчлэхээс гадна эдийн засгийнх нь хувьд ч хэмнэлт болж өгч байгаа юм.

- Тун удахгүй Дэлхийн зүрхний өдөр тохиох гэж байна. Энэ жил манай улсын хувьд ямар онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүлэх вэ?

- Дэлхийн зүрхний өдрийг 2016 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэг өдөрлөг хэлбэрээр  зохион байгуулдаг болсон. Энэ жилийн хувьд манай улс Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Зүрх судасны төвөөс санаачлан “Эрүүл зүрхний төлөө хамтдаа” гэсэн уриатай тэмдэглэнэ. Ингэхдээ 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд нэг уриа нэг зохион байгуулалттай тэмдэглэхээр болсон онцлогтой. Мөн энэ жилийн хувьд гол онцлог нь бид эрүүл амьдралын хэв маягтай болохын тулд маш жижиг зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэсэн санаа байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийн болон гэр бүлийнхээ зүрхний төлөө би юу хийх вэ? юуг өөрчлөх вэ?  гэх асуултуудыг тухайн хүн өөртөө тавина. Ингэж асуултандаа үндэслээд иргэн өөртөө  амлалт өгөх юм. Жишээ нь би тамхиа хаяхаа амлаж байна. Би эрүүл хөдөлгөөн хийнэ. Бас давс хэрэглэхгүй, чихэр хэрэглэхгүй, хорт зуршилд автахгүй эрүүл хооллоно гэдгээ амлаж байна гэх мэт. 

Ярилцсанд баярлалаа

Баярлалаа.