Б.Оюунгэрэл: Зовхин дээрх мэнгэ нүдний хавдар болж хувирах нь бий

Манай улсад нүдний салбар өндөр хөгжиж байгаагийн хэрээр өвчлөл их байна. Нүдний өвчин өндөр настанд төдийгүй залуусын дунд түгээмэл тохиолддог. Тиймээс өвчлөлийн байдал, 3-р эмнэлэгт хийгддэг нүдний тусламж үйлчилгээ, тэр дундаа нүдний нөхөн сэргээх мэс заслын талаар П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн нүдний мэс заслын тасгийн нүдний нөхөн сэргээх мэс засал, нүдний хавдрын эмч АУ-ны магистр Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

- Нүдний өвчин судлалын талаар ойлголт өгөөч?

- Нүд маш нарийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай эрхтэн юм.  Ердөө 1 миллиметрийн бичил түвшинд өөрчлөгдөж эмзэгшихэд л нүдний хараанд шууд муугаар нөлөөлөл үүсдэг тийм эмзэг эрхтэн. Хэдийгээр хэмжээний хувьд жижиг юм шиг боловч оношлогоо эмчилгээ маш нарийн бичил түвшинд явагддаг, судлах, шинжлэх зүйл ихтэй үнэхээр агуу том тааварлашгүй эрхтэн. Нүд судлалын салбар дотроо дахин хэд хэдэн хэсэгт хуваагдан улам хөгжсөөр байгаа. Энэ нь нүдийг илүү нарийн судалж оношлогоо эмчилгээ хийхэд дөхөм болдог. Яг л дотрын өвчин зүрх, уушги, бөөр судлал гэж салдаг шиг. Нүдний эвэрлэг бүрхүүл, нөхөн сэргээх мэс засал буюу окулопластик, нүдний даралт, нүдний арын хэсэг болох торлог бүрхүүл, хүүхэд гэх мэтээр салбарлан хөгжиж байна. Тус бүртээ маш олон эмгэг үүсдэг, оношлогоо эмчилгээ хоорондоо их ялгаатай учраас эмчээс өндөр мэдлэг, ур чадварыг шаарддаг салбар гэж боддог.

- Манай улсад аль төрлийн эмгэг зонхилон тохиолдож байна вэ?

- Цөөхөн хэдэн эмгэг зонхилон тохиолдоод байна гэж байхгүй. Миний өмнө дурьдсан салбар болгон өөр өөрийн зонхилон тохиолддог эмгэгүүдтэй. Харин насжилтаар нь аваад үзвэл хүүхэд насанд нүдний хугарлын гажиг болон төрөлхийн эмгэгүүд, дунд насныханд нүдний үрэвсэлт өвчин, гэмтэл, ахимаг насныханд нүдний даралт ихсэх, нүдний болор цайх зэрэг эмгэг илүүтэй тохиолддог.

- Эмгэгүүд ер нь юунаас болж үүсдэг вэ?

- Эмгэг болгон өөр өөрийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлтэй. Тухайн эмгэг төрөлхийн үү, олдмол уу гэдэг нь чухал. Олдмол бол биеийн суурь эмгэг, гэмтэл, амьдралын буруу дэглэм, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс болж өвдөж болно. Жишээлбэл, нүдний даралт ихсэх эмгэг гэхэд нас, тухайн хүний нүдний бүтэц, удамшил гэх мэт олон хүчин зүйлээс болдог. Сүүлийн үед нүдний гэмтлээс болж хараа алдах, нүүрний гоо сайханд таагүй байдал үүсэх тохиолдол ихэсч байна.

- Нүдний гэмтэл гэж юуг хэлж байна вэ? Танай эмнэлэгт ямар гэмтлүүд ирдэг вэ?

- Нүд судлал гэдэг салбарт нүдний алим, зовхи, ухархай бүгд багтдаг. Эдгээр бүтцүүд маш нарийн зохион байгуулалттай ажилладаг. Гэтэл гадны нөлөөллийн улмаас нүд бүтцээ алдаж, хэвийн харах үйл ажиллагааг хийж чадахгүй болох, гоо сайхнаараа хохирох асуудал багагүй байна. Манай тасагт ирж байгаа гэмтлүүдийг авч үзвэл голдуу зодоон цохион хийсэн, авто осол, ажлын байрандах үйлдвэрийн ослоор гэмтсэн тохиолдлууд зонхилж байна. Согтуугаар хоорондоо зодолдож нэгнийхээ нүдийг гэмтээж, хагалж, хараагүй болгох тохиолдол байнга ирдэг. Юу ч хийх боломжгүй, нүдийг сэргээж харааг аварч үлдээх боломжгүй болсон гэмтэл ихсээд байгаа нь үнэхээр харамсалтай. Мэдээж нүдний гэмтэл болгон хараа алдагдуулахгүй л дээ. Гэхдээ гэмтэл авсан бол мэргэжлийн эмчид нэн даруй хандаж арга хэмжээ авах шаардлагатай. Цаг алдах тутам сэргэлтэнд муугаар нөлөөлнө. Мөн нүдний алим байрладаг ухархайн яс цохилтод амархан өртөж хугардаг. Нүдний хараа хэвийн байдаг болохоор хүмүүс эмчид цаг тухайд нь хандахгүй хожимдуулах явдал их. Нүдний дээд доод зовхи хараа болон гоо сайханд чухал нөлөөтэй. Зовхи хамгийн гадна талд байрладаг учраас гэмтэлд өртөх нь амархан. Гэмтсэн даруйд засч сэргээвэл илүү үр дүнтэй. Гэтэл зарим хүмүүс олон хоног болсны дараа ирэх тохиолдол цөөнгүй, ингэснээр бүтцүүд буруу байрлан сорвижиж гоо сайханд муугаар нөлөөлж байна. Тийм үед мэс заслаар засах нь илүү ажилбар шаарддаг.

- Танай эмнэлэгт нүдний нөхөн сэргээх мэс заслын олон төрлийн хагалгаа хийж, нэвтрүүлж байгаа гэж сонссон. Энэ талаар хуваалцаач?

- Тиймээ манай хамт олон энэ чиглэлээр илүү чадваржсан байгаа. Миний хувьд Энэтхэг улсад Нүдний окулопластик буюу нүдний нөхөн сэргээх мэс засал болон нүдний хавдрын чиглэлээр нарийсч сурсан. Бид энэ чиглэлийн их сайхан багийг бүрдүүлж, улам өргөжүүлэн ажиллаж байгаа. Өмнө нь зөвхөн насанд хүрэгчдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2017 оноос хүүхдэд энэ чиглэлийн мэс заслын тусламж үйлчилгээг амжиллтай үзүүлж эхэлсэн. Манай эмнэлэг дээр хийгдэж буй нүдний нөхөн сэргээх мэс заслаас дурьдвал нүдний зовхины төрөлхийн болон олдмол эмгэгийг засах, ялангуяа хүүхдийн төрөлхийн зовхины буулт болон зовхины бусад эмгэг засах мэс заслыг хийж байна. Манай улсад зовхины птоз буюу зовхи буулттай хүүхэд болон насанд хүрэгчид нилээд бий. Зовхины буулттай хүүхдийн нүдийг зовхи бүрхэж харахад саадтай байдгаас хүүхдийн харааны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Иймд аль болох эрт оношлуулан засуулж харааг хэвийн хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд болон насанд хүрэгчдийн нулимс гойжих зовиурыг үүсгэдэг нулимсны замын эмгэгийн үеийн мэс заслууд их хийгдэж байна. Хүүхдийн хувьд ихэнх нь гэмтлийн гаралтай нулимсны замын эмгэг бөглөрлүүд байдаг. Гэмтлийн шалтгаант ухархайн ханын хугарал засах мэс засал, нүдний хавдар авах, түүний дараах нөхөөн сэргээх мэс заслууд хийгдэж байгаа. Мөн янз бүрийн шалтгаанаар нүдний алимгүй болсны дараах гоо сайхны зорилготой нөхөн сэргээх  мэс заслуудыг хийж протез зүүхэд тохиромжтой болгох гэх мэт олон мэс засал хийгддэг.

- Нүдний хавдар элбэг үү. Нүдний яг аль хэсэгт үүсэх вэ?

- Хавдрыг дотор нь хортой хоргүй гэж ангилдгийг бид мэднэ. Ерөөсөө л илүүдэл ургаж буй масс бүр хавдар. Гол нь хортой хоргүй нь чухал. Нүдний хавдар гэгч тэр ургалтад масс хаана ч ургаж болно. Нүдний зовхи, хөмсөг, нүдний алиман дээр, алим дотор, ухархайд гээд олон байршилтай. Хүн өөрөө хортой хоргүйг мэдэхгүй тул хэрвээ ийм массууд үүссэн бол мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Сүүлийн 2 жил манай эмнэлэгт хандсан нүдний хортой хавдрын тохиолдлын тоо бараг 40 хүрэхэд ойрхон байгаа. Ихэнх нь хавдар авах мэс засал, эмчилгээ хийлгээд одоо хянуулаад явж байгаа. Бид энэ чиглэлээр их анхаарал тавьж ажиллаж байгаа болохоор бидэнд хандахад нээлттэй гэдгийг хэлмээр байна.

- Хавдраас урьдчилан сэргийлэх боломж юу вэ?

- Хавдар үүсэх шалтгаанууд олон шүү дээ. Бидний урьдчилан сэргийлэх зарим боломжууд байж болно. Жишээ нь нүдний зовхин дээр байгаа зарим мэнгэ хувирч хавдарт шилжиж болно. Ялангуяа нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс болж хувирах. Тиймээс тухайн мэнгийг эрт авахуулах, нарны хэт ягаан туяанаас сэргийлж хамгаалалттай шил зүүх зэрэг байж болно. Хэрвээ бага зэрэг л ургалт үүсээд байвал тэр даруйд нь авч илүү их гадаргууг гэмтээхээс сэргийлэх, гоо сайхандаа сөрөг нөлөөлөл үүсгэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ ургалтад масс, мэнгэ, хавдар зэргийг заавал мэргэжлийн эмчээр авахуулах нь зөв. Учир нь хавдар авах мэс заслын техник, дахин ургуулахгүй байх арга хэмжээ, тухайн эдийн шинжилгээ хийгдэх, дараагийн хяналт зэрэг бүгд ялгаатай тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж онцлоод байгаа юм.

- Танай эмнэлгийн нүдний эмч нарт үзүүлэхэд юу шаардлагатай болох вэ?

- Цахим бүртгэлээс тухайн эмч дээрээ цаг авч үйлчлүүлнэ. Манай нүдний мэс заслын тасгийн хувьд хөдөө орон нутаг, дүүрэг, харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Миний хувьд хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болохоор хүүхдүүд цаг авахгүй, миний үзлэгийн өдөр шууд хүрээд ирэхэд үзээд л өгдөг дөө.