Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зөвхөн бүсэлхийн тойргоо хэмжиж, хэвлийн таргалалтаас сэргийлсэнээр зүрх судасны эмгэгээ

Монгол Улсад зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт дэлхийд нилээд дээгүүрт ордог. Өөрөөр хэлбэл  зүрх судасны өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн гол шалтгааны талаар УГТЭ-ийн зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнарантай ярилцлаа. Тэрбээр саяхан анагаах ухааны докторын зэрэг хамгаалаад байгаа билээ.

-Анагаах ухааны доктор болсонд баяр хүргэе. Ямар сэдвээр докторын зэрэг хамгаалав?

-Өнгөрсөн сарын 7-нд анагаах ухааны докторын цол хүртсэндээ баяртай байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хөдөлмөр бус багаараа хийсэн ажил минь юм. Тиймээс АУ-ны доктор, дэд профессор Ж.Мөнхцэцэг, АУ-ны доктор, Профессор М.Мөнхзол нараар удирдуулсан судалгааны багийнхандаа бас баярлалаа гэж хэлье. Манай багийнхны хийж байгаа судалгааны ажил бол 2012 оноос хойш Мянганы сорилтын сан болон Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй хоёр төсөлт ажлын хүрээнд хийгдсэн. Ингээд судалгааны ажлын маань үр дүн гарч, энэ жил докторын зэрэг хүртлээ. Судалгааны ажлын маань гол чиглэл бол Халдварт бус өвчин, тэр дундуу зүрх судасны өвчны гол эрсдэлт хүчин зүйл болох Бодисын солилцооны хам шинж, түүнд нөлөөлөх дотоод, гадаад хүчин зүйлс, илрүүлэх аргыг судалсан юм.

-Зүрхний шигдээс өвчнөөр нас барах явдал их байдаг. Энэ нь юунаас болоод байна вэ. Гол эрсдэлт хүчин зүйлүүд нь юу байна вэ?

-Зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйлүүдийг дотор нь эргэх буюу засах боломжтой, үл эргэх буюу засагдах боломжгүй хүчин зүйлүүд гэж байдаг. Тухайлбал, нас, хүйс, удамшилтай холбоотой эрсдлийг  эргүүлэх боломжгүй. Гэхдээ   энэ нь зүрх судасны өвчлөлийн 20 хувийг эзэлж байдаг бол үлдсэн 80 хувийг засах боломжтой байдаг.

-Өөрчилж болох 80 хувьд нь ямар зүйлүүд орж байна. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Мэдээж амьдралын буруу хэв маяг,  хөдөлгөөний хомсдол, хэтрүүлэн идэх, үүнээс үүдэлтэй таргалалт, тамхи таталт, стресс зэрэг олон хүчин зүйл зүрх судасны өвчлөл, тэр дундаа даралт ихсэлт, судас хатуурлыг үүсгэж, энэ нь цаашлаад зүрхний шигдээс, зүрхний дутагдал, харвалт, гэнэтийн нас баралтанд хүргэж байна. Эдгээрээс  хэвлийн таргалалт, даралт ихсэлт, цусанд өөх тосны хэмжээ өөрчлөгдөх, цусанд глюкоз ихсэх  шинж тэмдэгүүдээс гурав буюу түүнээс дээш илрэхэд бодисын солилцооны хам шинж үздэг. Үүний гол хүчин зүйл бол хэвлийн таргалалт юм. Үүнийг зөвхөн бид нар судлаад байгаа бус дэлхий нийтээрээ хэвлийн таргалалт бол зөвхөн судас хатуурал, зүрхний шигдээс бус мөн чихрийн шижин, хавдар, үе мөчний эмгэг зэрэг халдварт бус өвчний үүсгэх хамгийн чухал хүчин зүйл юм гэдгийг судлаж  тогтоогоод байна. Тиймээс хэвлийн таргалалтыг бууруулж чадвал зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх боломжтой юм.

Мөн нэн түрүүнд тамхи татахгүй байж, стрессээс аль болох зайлсхийж, ангижирч сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, хөдөлгөөн ямар ч эмтэй зүйрлэж боломгүй маш чухал бөгөөд өөрөө өөрийнхөө амьдралын хэв маяг тохирсон, тогтмол дасгал хөдөлгөөнийг хийж байх шаардлагатай. Гуравдугаарт, эрүүл хооллолт маш чухал.

-Хэвлийн таргалалтаас болоод зүрх судасны өвчлөлд өртөх өндөр магадлалтай гэж байна. Тэгэхээр иргэн хүн бүсэлхийн тойргоо хэмжээд өвчнөөс урьдчилан сэргийлж болох уу. Хэвлийн тойрог хэдэн см хэмжээтэй байх ёстой гэсэн заалт байх уу?

-Ази, европ хүмүүсийн биеийн харьцаа ялгаатай байдгаас үүдээд бүсэлхийн тойргийн зааг хэмжээ өөр өөр байдаг. Одоо Монгол улсад Азиудад баримталдаг босго хэмжээгээр  эрэгтэйчүүдийнх 90 см-ээс дээш, эмэгтэйчүүдэд 80 см-ээс дээш байвал хэвлийн таргалалттай гэж үздэг. Манай судалгааны ажлын нэг гол зорилт бол монгол хүмүүст бүсэлхийн тойргийн хэмжээ хэд байвал хэвлийн таргалалт гэж үзэх вэ гэдгийг гаргасан юм.

-Монгол хүний бүсэлхийн тойрог хэд байвал хэвлийн таргалалттай гэж үзэх вэ?

-Монгол хүнийх бол Америк, Европынхноос бага, Азиудаас арай илүү байна хэмээн судлагдсан байдаг. Бид судалгаагаа Улаанбаатарын иргэдээс авсан. Эрэгтэйчүүдэд 94 см, эмэгтэйчүүдэд 83 см, түүнээс дээш байвал хэвлийн таргалалттай гэж үзэх нь илүү тохиромжтой байна.  Энэ тооноос илүү давах нь  чихрийн шижин, зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл өндөр юм.

-Хэвлийн таргалалт гэж дотор өөхлөлт ихтэй байна гэсэн үг үү?

-Дотор өөх ихсэх тусам зүрх судасны өвчлөл ихсэх нөхцөл үүсдэг. Өөхийг хуучин зөвхөн энергийн нөөц гэдэг байсан бол одоо булчирхай гэж үздэг болсон. Хүний биед агуулагдах өөхний хэмжээг хувиар илэрхийлбэл эмэгтэйчүүдийн биед 25-30 хувь гэж үзвэл хүний биеийн гуравны нэг нь  өөхний эд гэсэн үг.  Тэгэхээр тэр том булчирхайгаас маш олон тооны даавар, үрэвслийн цитокинүүд ялгардаг. Энэ бол цаашлаад хоолны дуршил нэмэгдэх, бодисын солилцоо алдагдаж, цусанд судас хатууруулах нөлөөтэй өөх тосны хэмжээ нэмэгдэж, элэг, булчин, зүрх зэрэг бусад эрхтэнүүдэд өөх хуримтлагдаж, олон эмгэгийг дагуулдаг учраас энэ бол маш том эрсдэлт хүчин зүйл юм. Тэгэхээр хүн ер нь үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зөвхөн бүсэлхийн тойргоо хэмжээд, хэвийн хэмжээнд байлгахад л зүрх судасны эмгэгээс сэргийлэх боломжтой юм. Мэдээж шаардлагатай хийгдэх шинжилгээнүүдийг тогтсон цаг хугацаанд нь эмчийн зааврын дагуу хийлгэх хэрэгтэй.

-Зарим хүмүүс зүрх дэлсээд байна, нэг  давчдаад хямраад байна гэдэг. Энэ нь зүрх судасны өвчний шинж тэмдэг мөн үү?

-Тийм тохиолдол гардаг. Зүрхний цохилт олширох нь хэвийн физиологийн үйл явц юм.  Гэхдээ зарим тохиолдолд зүрхний хэм алдагдах эмгэг байж болно. Хэм алдагдал байсан ч мөн зарим нь энгийн, хор нөлөө багатай хэм алдагда байдаг бол зарим нь амь насанд аюултай, яаралтай эмчийн хяналт, эмнэлгийн тусламж хэрэгтэй тохиолдол ч бий.   Үүнийг эмчид үзүүлж, эхлээд зүрхний цахилгаан бичлэг, цаашлаад нарийн шинжилгээ хийж байж тогтооно.

-Зовиур илрэхээр эмийн сангаас валидол авч уугаад намдаачихаад яваад байх нь элбэг байдаг?

-Эмчид үзүүлж, эмгэгийг оношлож байж, түүнд тохирсон эмчилгээ хийх нь хамгийн чухал. Дур мэдэн эм хэрэглэх нь маш буруу. Яаралтай тохиолдолд хэрэглэдэг эм гэж бий. Гэхдээ энэ нь хүн өөрийн дураар ууна гэсэн үг биш юм.

Ер нь хүн өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө сэргийлье гэж дэлхий нийтээрээ уриалж байна. Нэгэнт зүрхний хэм алдаад зовиур илрэх бус судас хатуураад нарийсаад эхлэхээс өмнө таргалалтаас сэргийлэх хэрэгтэй. Манай судалгааны ажлын гол зорилго ч ийм байна.

-Зүрх судасны өвчлөгсдийн тоо хэр байна вэ?

- 2017 оны байдлаар 10 хүнд тутамд нэг нь зүрх судасны өвчтэй байгаа ба энэ нь жил ирэх тутам нэмэгдэж байна. Нас барж байгаа хүмүүсийн 3 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж байгаа нь маш том тоо. Дэлхий нийтэд зүрх судасны өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн 75-80 хувь нь хөгжиж байгаа буурай орнуудад тохиолдож байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл бид эрсдэлт хүчин зүйлээ хянаж, тусламж үйлчилгээгээ сайжруулсанаар өвчлөлийн улмаас үүсэх нас баралтыг  бууруулах боломжтой.

-Насны хувьд ямар насны хүмүүс зүрх судасны өвчнөөр өвдөж байна вэ?

-Зүрх судасны өвчин үүсэхэд насжилт маш чухал нөлөөтэй. Нас ахих тусам өвчлөлийн тоо нэмэгддэг. Судас хатуурал, зүрхний цус хомсрол, зүрхний хэм алдагдлын тохиодол нас ахих тусам нэмэгдэнэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэв маягаас үүдээд өвчлөлийг залуужуулж байна. Манай тасагт гэхэд 20,30 гаруй насны залуучууд зүрхний шигдээс болж нийлээд хэдэн удаа ирж байсан. Одоо таргалалт залуужиж, үүнийг дагаад халдварт бус өвчлөл залуужиж байна. Иргэд маань маш залуугаасаа даралт ихсэж, цөс чулуужиж, үе мөчний эмгэг үүсч байгаа нь мөн л хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, хорт зуршил, таргалаттай салшгүй холбоотой. Иргэд маань сайн эм тариаг тариулж, сайн эмнэлэгт хэвтэх л гээд хайгаад л, туршаад байдгаас нөгөө л бүх хүмүүсийн мэддэг боловч тоохгүй орхидог эрсдэлт хүчин зүйлс өөрт нь байгаа эсэх, ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг тодорхойлоод эрсдлийг бууруулах нь үнэн бодитойгоор зүрх судасны өвчний эрсдлийг бууруулах, өөрөөсөө холдуулах боломжтойг ойлгох хэрэгтэй байна.