УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭРҮҮЛ МЭНД 8/20” ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ЯПОН УЛСЫН СУВИЛАХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэнд-8/20” зорилтын хүрээнд Эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад Япон улсын Гүнма их сургуулийн Анагаах ухааны салбарын Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн сувилахуй, эх барихын тэнхимийн Шинозаки Хиромицү профессорын багтай “Эх нялхсыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах” чиглэлээр хамтарсан сургалт судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Энэ хамтын ажиллагааны эхлэл болгож 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдөр тус эмнэлэг дээр Япон улсын Гүнма их сургуулийн Анагаах ухааны салбарын Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн сувилахуй, эх барихын тэнхимийн профессор Шинозаки Хиромицү, тус тэнхимийн Нийгмийн эрүүл мэндийн сувилагч мэргэжилтэн Огава Шоота нар хүрэлцэн ирж “Тамхидалтаас эх, нялхсыг хамгаалах төслийн танилцуулга”, “Жирэмсэн эмэгтэйчүүдийн машины суудлын бүс ашиглалт” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалт зохион байгуулж, 170 сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдлаа.

Профессор Шинозаки тус эмнэлгийн “Тамхигүй ажлын байр, тамхигүй сувилахуйн мэргэжилтэн” хөдөлгөөнийг дэмжиж өөрийн хэрэгжүүлж буй “Тамхидалаас эх нялхсыг хамгаалах” сэдэвт төслийн хүрээнд сувилагч мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулах, Улаанбаатар хотын эмнэлгийн байгууллагуудын сувилагч мэргэжилтнүүдийн дунд тамхины хэрэглээний талаар хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийж явуулахаар боллоо.