УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ОНОШИЛГООГ ЦОГЦООР НЬ ХИЙНЭ

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Олон улсын “Орбис” болон хүмүүнлэгийн “Дэзэрэт” байгууллагуудаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт харааны талбай шалгах зориулалттай хамгийн сүүлийн үеийн “Zeiss Humphrey-830” загварын нүдний шинжилгээний багажийг тусламж болгон хандивлалаа.

Энэхүү шинжилгээний багаж нь глауком буюу нүдний дотоод даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, оношлох, өвчний явцыг хянахад ашиглагддаг бөгөөд өнөөдрийг хүртэл улсын томоохон эмнэлгүүд харааны талбай шалгах багажгүй, шаардлагатай тохиолдолд иргэд хувийн хэвшлийн эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэдэг байсан. Харин одоо тус эмнэлэг үйлчлүүлэгч нартаа харааны талбайн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх боломжтой болж байгаа бөгөөд үйлчлүүлэгчид маань нүдний дотоод даралт хэмжих, нүдний угийн шинжилгээ, харааны талбайн шинжилгээ, нүдний өнцөг дурандах шинжилгээ болон эвэрлэгийн зузаан хэмжих зэрэг нүдний даралт ихсэх глауком өвчний үеийн цогц тусламж үйлчилгээг цаг хугацаа алдалгүй, түргэн шуурхай нэг цэгээс авах нөхцөл бүрдээд байна.

Тус эмнэлгийн нүдний тусламж үйлчилгээнд энэхүү өндөр өртөгтэй, нарийн оношилгооны багажийг хандивласан Олон улсын “Орбис” болон хүмүүнлэгийн “Дэзэрэт” байгууллагуудын хамт олонд Эмнэлгийн захиргаа, нийт хамт олон, үйлчлүүлэгч иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.