СУВИЛАГЧ НАР ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албаны ахлах сувилагч нарын баг болон эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, Япон улсын Гүнма Их Сургуулийн сувилахуйн ухааны доктор Огава Шоота нар хамтран иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд “Сувилагчийн нэг өдөр” өдөрлөгийн арга хэмжээг Нийслэлийн Хан-уул дүүргийн Туул тосгон, БЗД-ийн Хонхор тосгоны 250 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа.

Тус арга хэмжээг “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа бөгөөд алслагдсан дүүргийн гэр хорооллын иргэдийн ундны усны савны хэрэглээнд судалгаа явуулж, эрүүл мэндийн стандартад нийцсэн саваар хангах, сурталчлах, гар угаах үлгэрчилсэн загварын талаар сургалт, мэдээллийг явуулж, ахлах сувилагчдын санаачлагаар 20 өрхөд эрүүл мэндийн стандартын шаардлага хангасан 20 литрийн багтаамж бүхий усны савыг тарааж, зориулалтын иж бүрэн гар угаалтуурыг 1 өрхөд хандивлалаа. 

Тус өдөрлөгийн үеэр иргэдэд гарын эрүүл ахуй, халварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж, артерийн даралт хэмжих, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлон зөвлөгөө, зөвлөмжийг өгч, давсгүй хоол хийх арга аргачлалын талаар сургалт явуулан, давсгүй хоолны үзэсгэлэн гаргаж, эрүүл зан үйл төлөвшүүлэх, дадал олгох чиглэлийн 7 төрлийн гарын авлага, тараах материалыг тараан ажиллалаа.