УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАНХИМ”-ТАЙ БОЛЛОО

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны хооронд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг “Иргэд үйлчлүүлэгч, эмч, ажилчдын эрсдэлгүй орчныг бүрдүүлцгээе” уриан дор зохион байгуулан олон чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү сарын аяны хүрээнд тус эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний тасаг, албадууд болох Инженер техникийн алба, Эмнэлгийн соёл үйлчилгээний алба, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгдсэн тасгийн хамт олны санаачлагаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн танхим”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шинээр нээж, үйл ажиллагааг эхлүүллээ. 

Тус танхимыг эмч, ажилчдыг ажлын байрандаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох стандарт, журмыг баримтлан ажиллах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нээн ажиллуулж байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сурталчлан таниулах, мэдээлэл, зөвлөмжийг тогтмол өгч ажиллуулах юм.