“ДОТРЫН ӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ” СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Дотрын өвчний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт улсын хэмжээний 5 дахь удаагийн сургалт, семинарыг 2019 оны 04 сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалт, семинар нь сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн сургалт, семинарт 21 аймаг, 9 дүүргийн 49 эрүүл мэндийн байгууллагын 288 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн эрдэм шинжилгээ судалгааны 82 өгүүлэл, 20 ханын бүтээлээ ирүүлж оролцлоо.

Сургалт семинарын эхний өдөр “Дотрын өвчний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Япон улсын Гүнма Их Сургуулийн Анагаах ухааны салбарын Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, тус эмнэлгийн сувилахуйн албаны зочин зөвлөх, Сувилахуйн ухааны доктор Огава Шоота “Япон улс дахь Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй” сэдвээр тусгай лекц уншин, дотрын мэргэжлийн эмч, сувилагч мэргэжилтнүүдийн бэлтгэсэн боловсролын 8 лекц, сувилагч мэргэжилтнүүдийн судалгааны 20 илтгэлийг хэлэлцүүллээ. 

Сургалт, семинарын 2 дахь өдөр тус эмнэлгийн бөөр дотоод шүүрэл, бөөр орлуулах эмчилгээ, мэдрэл судлал, уушиг судлал, хоол боловсруулах эрхтэн судлал, зүрхний эмгэг судлал, дурангийн оношилгоо, эмчилгээ, эрчимт эмчилгээний чиглэлийн тасгуудад дадлага сургалтуудыг зохион байгуулж, дотрын өвчний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн шинэ арга технологийн дэвшилтэй танилцан, харилцан туршлага солилцож, мэдлэг чадвараа дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.