“ЦУСНЫ ДАРАЛТАА МЭДЭЦГЭЭЕ“ СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Цусны даралтаа мэдэцгээе“ уриан дор эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээлэл, өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санаачлагаар жил бүрийн 5 дугаар сарын 17-ний өдрийг “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд тус эмнэлгийн зүгээс даралт ихсэх өвчин, түүний хор уршиг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар ард, иргэд, үйлчлүүлэгч нарт мэдээлэл өгөх, эрүүл эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлийн олон талт сургалт мэдээллийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм. 

 

Энэхүү жилийг үйл ажиллагааг тус эмнэлгийн зөвлөх поликлиник, зүрх судлалын тасаг, сэргээн засах эмчилгээний тасаг, эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба хамтран “Цусны даралтаа мэдэцгээе“ уриаг дэвшүүлэн тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд уг өдөрлөгөөр иргэд, үйлчлүүлэгчдэд даралт ихсэх өвчний талаар ойлголт мэдлэг олгох, артерийн даралт ихсэлтийн илрүүлэг үзлэг, эрсдлийн үнэлгээ хийх, дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж хэвших, даралтаа зөв хэмжиж сурах, хянах, цусан дах өөх тосны хэмжээгээ мэддэг байх зэрэг сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээлэл, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвөлгөөг нийт 120 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа.