СУМ ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРТ АШИГЛАГДАХ МНКАРДИО ПРОГРАММЫН МОДУЛИЙГ ТУРШИХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019 оны 5-р сарын 23-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төвөөс Баян-Зүрх, Баянгол дүүргүүдийн өрхийн эмч нарт зориулж МнКардио программын сум өрхийн эмнэлгийн эмч нарт ашиглагдах модулийг турших сургалт зохион байгуулж байна. Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас УГТЭ-ийн Зүрх судасны төв дээр хэрэгжүүлж буй “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОN/006” төслийн хүрээнд Алсын зайн анагаах ухааны үндэсний сүлжээг бэхжүүлэх өргөжүүлэх зорилгоор энэхүү сүлжээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хамруулан өртгөтгөх зорилтыг дэвшүүлсэн билээ.

Энэхүү зорилтын хүрээнд тус эмнэлгийн Зүрхний төвөөс МнКардио программын сум, өрхийн эмнэлэгүүдэд зориулсан модулийг боловсруулан, программыг дээрх анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад МнКардио программ нэвтэрснээр өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч нар дүүрэг аймгийнхаа зүрхний эмч нараас хүнд, эргэлзээтэй өвчний тохиолдлуудад нарийн мэргэжлийн зөвлөгөөг шуурхай авах боломж бүрдэнэ.