ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛС МОНГОЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ЗҮРХНИЙ ТӨВ ТӨСЛИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЛЭЭ

Люксембургийн Их Гүнт улсын Гадаад болон Европын хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагааны сайд хатагтай Paulette Lenert Люксембургийн Их Хуралд дээр хамтын ажиллагаатай улс орнуудын сайд нарт зориулж тавьсан илтгэлдээ Монгол улсын Эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллаж байгаа талаараа ийнхүү цохон дурджээ. 
Тэрээр “Бид Азид болон Монгол улсад идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд ялангуяа Эрүүл мэндийн салбарт дорвитой үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тус улсад үндэсний хамтрагч байгууллагаар дамжин бүрэн хэрэгжиж байгаа Телемедицины анагаах ухааны төсөл нь тус улсын орон нутгийн бүх аймгуудад холбогдон хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ чиглэлээр Олон улсын хэмжээнд жишиг болоод байна. Зүрх судасны эмгэг судлалын салбарт манай Люксембургийн Зүрхний мэс засал, Интервэншл кардиологын (INCCI:National Interventional Cardiology and Cardiac Surgery Institute) институт нь тус улсын Зүрх Судасны төвтэй хамтран ажиллах урт хугацааны хамтын ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ хамтын ажиллагаа нь маш сайн хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улс өөрөө хэрэгжүүлж байна. Энэ утгаараа бид тэдэнтэй Эрүүл мэндийн салбар, ялангуяа Зүрх судасны өвчний чиглэлээр нягт хамтран ажиллах болно” хэмээн дурдсан байна.

Дашрамд дурдахад Монгол дахь Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагаа нь Монгол улс, Люксембургийн Их Гүнт улсуудын хооронд 1976 оны 7-р сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн байдаг. 
2001 оны 1-р сараас эхлэн Монгол улсын Эрүүл мэндийн салбарт анхны MON/003 төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш MON/005, MON/006 төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлээд 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй юм. Энэ хугацаанд Монгол улсын Эрүүл мэндийн салбарт зориулсан буцалтгүй тусламжийн өртөгийн хэмжээ 2006 онд 360 орчим мянган евро байсан бол 2017 онд 2.5 орчим сая еврод хүрч өссөн байна. Тус эмнэлэг дээр төвлөрөн хэрэгжиж буй Зүрх судасны төв төсөл нь Телемедицины анагаах ухааны сүлжээг үндэсний хэмжээнд бий болгож өргөжүүлэх, зүрх судасны эмгэг болон зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг Олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхэд төвлөрч, олон талт дэмжлэгт үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.