РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН “СУДЛААЧ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VII ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа нийт резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарынхаа дунд “Судлаач-2019” уламжлалт эрдэм шинжилгээний VII хурлаа 2019 оны 05 сарын 31-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хуралд тус эмнэлгийн болон УНТЭ, АШУҮИС, “Ачтан” АУИС зэрэг бусад сургалт эрхлэгч байгууллага, их дээд сургуулийн резидент эмч нар өөрсдийн эрдэм шинжилгээ судалгааны 28 өгүүлэл, 25 ховор тохиолдол, 5 онолын лекцийн материал ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын түлхүүр илтгэлийг МАУА-ийн Ерөнхийлөгч, академич, АУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн “Анагаах ухаанаар жигүүрлэн хөгжих эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдвээр уншиж сонордуулсан бөгөөд тус хуралд резидент эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан 12 илтгэл аман хэлбэрээр танилцуулагдаж тэргүүн байранд тус эмнэлгийн зүрх судлалын тасгийн резидент эмч М.Пүрэвжав нарын “Монгол улсад хийгдсэн хэм алдагдлын электрофизилогийн оношилгоо, аблаци эмчилгээний үр дүн”, хоёрдугаар байранд мэдрэл судлалын резидент эмч Б.Ариунжаргал нарын “Нурууны артерийн бөглөрөлтийн цусны хөдлөл зүйн байдал, түүний эмнэлзүйн харьцуулсан судалгаа”, гуравдугаар байранд дотор судлалын резидент эмч М.Алтанзаяа нарын “Элэгний шалтгаант энцефалопатийн оношилгоон CHESS оноо хэрэглэсэн дүн” сэдэвт илтгэлүүд шалгарлаа. Мөн ”Шилдэг ханын илтгэл”-ээр 3 бүтээлийг шалгаруулсан бөгөөд тус эмнэлгийн дүрслэл оношилгооны багийн “Гол судасны төрөлхийн нарийсал” болон “хэт мэдрэгшлийн хатгалаа” мөн тус эмнэлгийн дотор судлалын багийн “Хөхлөгийн фиброэластома” сэдэвт ханын илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.