“ХЕПАТИТИЙГ УСТГАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөртэй хүрээнд Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд тус өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор 2019 оны 07 дугаар сарын 26-ны Сүхбаатарын талбай дээр өдөрлөг зохион байгуулж, элэгний В, С вирүсийн шинжилгээ, элэгний хэт авиан оношилгоо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвөлгөөг иргэдэд үзүүлэн ажиллалаа. Тус өдөрлөгт Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн 16 эмч, мэргэжилтнүүд оролцож, нийт 203 хүнд үзлэг, 113 хүнд (ЭХО) оношилгоо хийж, 316 хүнд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмж өгч, тухайн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн 5 төрлийн 1000 гаруй гарын авлага, зөвлөмж тарааж оролцлоо. 


Мөн энэхүү өдрийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон эмнэлэг дээрээ “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, “Элэгний вирүсийн тухай ойлголт, шинж тэмдэг, оношилгоо эмчилгээ”, “Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Д амин дэмийн дутлаас сэргийлье”, “Хепатит үүсэх шалтгаан, илрэх шинж, оношлогоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлт”, “Элэгний хавдраас сэргийлэх, оношилгоо эмчилгээ” зэрэг сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулан “Элэгний эмгэгийн үеийн 7 хоногийн хоол эмчилгээ”-ний үзэсгэлэн гаргаж, хүрэн манжин, бууцайны 2 төрлийн жүүсний амталгааг нийт 250 иргэдэд явуулж, “Элэгний эмгэгийн хоол эмчилгээ” сэдэвт гарын авлага бэлтгэн зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. 
Тус өдрлөгийн үеэр элэгний вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй нийт 100 гаруй иргэд, үйлчлүүлэгчдийг вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулан, 30 гаруй хүнд захын судсанд глюкоз, цусан дахь өөх тосны хэмжээ тодорхойлох шинжилгээнд хамруулж, “Эрүүл элэг”, “Элэгний В вирүс”, “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая”, “Элэгний В, Д вирүс”-ийн талаарх 4 төрлийн 350 ширхэг гарын авлага, зөвлөмж бэлтгэн тараалаа.