ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГӨӨР УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

2019 оны 09 дүгээр сарын 16-аас 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Монгол улсын Засгийн газрын бүтээн байгуулалт”-ийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийн хүрээнд Засгийн газрын зүгээс Эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаар танилцуулах Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгөөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2018-2019 онд улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан “PHILIPS Azurion 3 М15” Ангиографийн аппарат, “PHILIPS MULTIVA 1.5T MRI” Соронзон Резонанс Томограф аппарат, Олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд АХБ-ны санхүүжилтээр хийгдсэн Төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторийн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Люксембургийн Их Гүнт улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн 1.5 сая евро буюу 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж буй “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын зураг төслийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлуудынхаа талаар иргэд олон нийтэд танилцууллаа.
Мөн өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, сэргээн засах, бөөр, хоол боловсруулах замын мэргэжлийн 40 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн нийт 292 хүнд халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог хийж, 365 хүнд үзлэг, зөвлөгөө өгч ажилласан.