УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ ӨДӨРЛӨГ

2019 оны 09 дүгээр сарын 18, 19-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Монголын уламжлалт эмчилгээний тасгийн хамт олон “Уламжлалт анагаах ухаанаар эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь Монголын улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, мэдлэг, арга барилтай болгох, мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх” зорилгын хүрээнд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 140 гаруй үйлчлүүлэгч оролцож “Монголын уламжлалт анагаах ухааны улирлаас хамааран бие мах бодийн хувирал, түүн дээр үндэслэн улирлын идээ унд, явдал мөрийг тохируулан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь”, “Намрын улиралд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгох 800 гаруй ширхэг гарын авлага, зөвлөмж бэлтгэн тарааж, “Цагаан гаргалга хийх аргачлал”-ын дагуу богино хэмжээний видео заавар бэлтгэн танилцууллаа.


Өдөрлөгт оролцогч нараас уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэгийн түвшин тодорхойлох судалгаа авсан бөгөөд нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 40% нь уламжлалт анагаах ухааны талаар сайн мэдлэггүй, 50% нь уламжлалт эмчилгээнд хамрагдаж байсан, 70% нь уламжлалт анагаах ухаанаар урьдчилан сэргийлэх аргын талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг гэж хариулснаас үзэхэд уламжлалт анагаах ухааны талаар сургалт мэдээллийн ажлыг тогтмолжуулах хэрэгтэй байгаа нь харагдаж байна.