ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН 50 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол улсын эрүүл мэндийн салбарт Зүрх судасны мэс заслын тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Зүрх судасны үндэсний конференци 2019” -ийн хүрээнд “Зүрх судасны мэс заслын 50 жил: Өнгөрсөн, Одоо ба Ирээдүйн сорилтууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “3айсан Хилл” цогцолборт зохион байгууллаа.
Зүрх судасны мэс заслын тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Люксембургийн Их Гүнт улсын Зүрхний мэс засал, интервэншл кардиологын төв, Франц улсын Страссбургийн Их Сургуулийн эмнэлэг, БНСУ-ын Ионсей болон Сөүлийн Их Сургуулийн эмнэлэг, Ча Бунда эмнэлэг, Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн насанд хүрэгч болон хүүхдийн зүрх судасны мэс заслын 10 гаруй зочин профессор урилгаар оролцож, өөрсдийн эх оронд зүрх судасны мэс заслыг хөгжүүлсэн туршлага, ололт амжилт, Монгол улсын зүрх судасны мэс заслын салбарыг хөгжүүлэхэд үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, түүний үр дүнгийн талаар мэдээлэл ихтэй, сургамжтай илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бол Зүрх судасны мэс заслын үндэсний мэргэжилтнүүд маань Монгол улс дахь зүрх судасны мэс заслын түүхэн хөгжил, зүрх судасны мэс заслын хөгжилд тулгамдаж буй хэрэгцээ шаардлага болон сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээнд гарч хөгжил дэвшил, өөрчлөлтийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа хэлэлцүүлж, туршлагаа солилцлоо.

Тус олон улсын хуралд Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн зүрх судас, зүрх судсны мэс засал, судсан дотуурхи оношилгоо эмчилгээний нийт 250 гаруй эмч мэргэжилтэн оролцлоо.
Олон улсын хурлын салбар хуралдаанаар тус эмнэлгийн удирдлага, зүрхний төв, зүрхний мэс заслын үндэсний мэргэжилтнүүд урт удаан хугацаанд тогтвортой гадаад хамтын ажиллагааг өрнүүлж буй Люксембургийн Их Гүнт улс, БНСУ, Тайваний зүрхний мэс заслын багийн төлөөллүүдтэй хамтран Зүрхний мэс заслын одоо ба ирээдүй хөгжил сэдвийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулж, зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулах, хүний нөөцийн хөгжлийн төлөвлөлт, манлайллын чиглэлээр анхаарах зүйл, тулгамдаж буй асуудал, өмнөх туршлага дээр үндэслэн хойшид хэрхэн хурдацтай хөгжих талаар өөрсдийн санал бодлыг хуваалцаж ярилцлаа.