Өдөрт нэг ширхэг тамхи татдаг байсан ч зүрхний шигдээс, тархины цус харвалт зэргээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг

Өдөрт татдаг тамхиныхаа тоог цөөрүүлбэл өвчний эрсдлийг бууруулж чадах уу? Энэ тухай бичих болсон шалтгаан нь:

Өнгөрсөн өдөр нэг сайн найзтайгаа уулзсан юм. Тэрбээр өдөрт 4-5 ширхэг тамхи татдаг тухайгаа яриад, энэ хэмжээний тамхи өөрт нь хор хөнөөл болох эсэх талаар надаас асуусан. Тэр үед олон жил татаагүй бол гайгүй дээ маягтай жаахан хариуцлагагүй зүйл хэлчихээд өнөөдрийг хүртэл "яав ч гайгүй биш дээ, тэгж хэлдэггүй л байж" гээд л дотроо бодоод яваад байлаа.

Өнгөрсөн хагас сайн өдөр, бусад хүмүүүсийн хамтаар МҮОНТВ-ийн Эрүүл мэндийн 120/80 хэлэлцүүлэг нэвтрүүлэгт орж, Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийн тухай ярих боломж олдсон юм. Тэр үед манай улсад тамхидалтын түвшин өндөр байгаа тухай (нийт хүн амын 30 орчим хувь, үүнээс эрэгтэйчүүд 50 орчим, бараг хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь, эмэгтэйчүүдэд 8-10 орчим хувь), тамхи  нь зүрх судасны өвчний хамгийн хоруу эрсдэлт хүчин болж байгаа тухай ярьсанаа олж үзлээ. Тэгээд миний эргэн тойронд байгаа тамхи татдаг найз нөхөд, дотны хүмүүстээ тамхины эрсдлийн талаар жаахан зөв мэдээлэл хүргэе гэж бодлоо. Угаасаа ч ажиллаж байгаа эмнэлэг маань хүн ардыг зүрх судас, тархи судасны өвчнөөс сэргийлэх, эмчлэх үүргийг Монгол төрийн өмнө хүлээж ажилладаг тул олон нийтэд таниулж ойлгуулах хэрэгтэй байх.

Өдөрт татдаг тамхиныхаа тоог цөөрүүлбэл өвчний эрсдлийг үнэхээр бууруулж чадах уу?

"Мэдээж хэрэг бууруулна л гэж хэлэх байх. гэхдээ эрсдлийг хир зэрэг бууруулах уу?, тамхиныхаа тоог цөөрүүлээд хир удаан үргэлжилбэл энэ эрсдэл алга болох уу? гэдэг бодит асуудлуудын хариулт нь илүү их чухал асуудал байх болов уу?

Өдөрт татдаг тамхины тоо болон зүрх судасны өвчлөлийн эрсдлийн хамаарлыг зургаар харуулав. /Эх сурвалж: How acute and reversible are the cardiovascular risks of secondhand smoke?/

Тамхи татсанаас болж өвчлөх эрсдэл нь тамхины тооноос хамаарч өөр өөр байдаг хэдий ч тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахын бол өдөрт нэг ширхэг тамхи татдаг байсан ч зүрхний шигдээс, тархины цус харвалт гэх мэт зүрх судасны хүнд өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Ихэнх тамхичид өдөрт 20 ширхэг тамхи татдаг гэж үздэг. Өдөрт 20 ширхэг татдаг хүмүүс зүрхний ишемийн өвчнөөр өвдөх эрсдэл 1.8 дахин их (өөрөөр хэлбэл эрсдэл 80% -иар нэмэгддэг гэсэн үг) байдаг. Хэрэв тамхины тоо нь үүний дөрөвний нэг буюу 5 ширхэг татдаг бол эрсдэл 1.5 дахин их (эрсдлийг 50% нэмэгдүүлнэ) байгаан. Өөрөөр хэлбэл өдөрт 5 ширхэг татдаг хүний ​​зүрхний ишеми өвчөөр өвдөх эрсдэл нь өдөрт 20 ширхэг тамхи татдаг хүний эрсдлийн 63% (50 ÷ 80 × 100 = 62.5%) бөгөөд тамхины тоог өдөрт 5 болгож (дөрөвний нэг болж) цөөлсөн ч зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл нь өдөрт 20 ширхэгийг татдаг хүнийхээс сайндаа л тал хувь болж буурна гэсэн үг.

Өөр бас нэг судалгаа байна. Энэ 141 кохорт судалгааг нэгтгэсэн мета-анализ судалгаагаар өдөрт 1 ширхэг болон 5 ширхэг татах тамхины тоог зүрхний титэм судасны өвчин, тархины харвалтын эрсдэл хоёрын хооронд ямар холбоо хамаарал байгааг шалгасан байдаг. /Эх суурвалж: Low cigarette consumption and risk of coronary heart disease and stroke: meta-analysis of 141 cohort studies in 55 study reports. BMJ 2018/

Өдөрт 5 ширхэг тамхи татдаг тохиолдлыг өдөрт 1 ширхэг татдаг тохиолдолтой харьцуулахад өвчлөх эрсдэл нь үл ялиг өндөр байсан ч ихэнхдээ ямар ч ялгаагүй байсан.

Эцэст нь өдөрт татдаг тамхины тоог 20 ширхэгээс 1 ширхэг хүртэл цөөлсөн ч зүрхний титэм судасны өвчин, тархины цус харвалтаар өвдөх эрсдлийг дөнгөж л тал хувиар л бууруулдаг болох нь.

Зөвхөн тархины цус харвалт, зүрхний шигдээс төдийгүй хорт хавдрын эрсдлийн судалгаанаас харахад хэдэн ширхэг татдаг байсан ч уушгины хавдар, мөгөөрсөн хоолойн хавдар үүсгэх эрсдэл өндөр байдаг.

Нөгөө талаар дам тамхидалтын зүрхний ишеми өвчин үүсгэх эрсдлийг зураг дээрээс харахад дам тамхидалтыг өдөрт 0.2 гэж үзвэл зүрхний ишеми өвчнөөр өвчлөх эрсдэл 1,3 дахин (эрсдлийг 30% нэмэгдүүлдэг) байна. Өдөрт татах тамхины тоо бага байх тусам зүрхний ишеми өвчнөөр өвчлөх магадлал бага байх хэдий ч өдөржингөө тамхи татдаг хүний дэргэд байхад (өрөөр хэлбэл, өдөрт 0.2 тамхи татдаг байсан) ч зүрхний ишеми өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байх нь.

Тамхидалттай холбоотой өвчний эрсдлийн үнэлгээ судалгаануудын нотолгоонд үндэслэн ДЭМБ-аас "Тамхины утаанд аюулгүй хэмжээ гэж байхгүй бөгөөд "ТЭГ" байлгах ёстой гэсэн байдаг.

За тэгвэл тамхи татдаг хүнд ямар зөвлөгөө өгөх вэ. Зүгээр л тамхи боль гэж хэлэх үү, эсвэл тоог нь аажимаар цөөрүүл гэх үү.

Дээрх судалгаануудаас харахад,

"Тамхины тоог цөөрүүлээд ямарч ач холбогдолгүй" гэдэг нь тодорхой байгаа тул үүнийг нямбай сайтар ойлгуулан хэлэх, зөвхөн тоог цөөрүүлэх багасгахаас илүүтэй бүрмөсөн тамхинаас гарахыг зөвлөх хэрэгтэй юм байна. Тамхи татдаг тухайн хүний хэвшил дадал үнэхээр өөрчлөгдөх эсэх нь судалгаагаар батлагдсан нотолгоогоор бус эмч эмнэлгийн мэргэжлийн хүмүүс болон ойр дотны хүмүүсийн хэр зэрэг сэтгэл гаргаж зөвлөгөө өгөхөөс хамаарч болох юм.

Ойдовын Батгэрэл Ph.D

П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг

Холбоотой мэдээлэл:

2007 оноос хойш 35 улс тамхийг бүрэн хориглох хууль баталсан байна