УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ШИНИЙГ САНААЧЛАГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

2019 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI их хурал “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар Төрийн ордонд Их танхимд зохион байгуулагдлаа.
Тус хуралд Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 эмч мэргэжилтэн, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төрийн бус байгууллага, зочид төлөөлөгчид оролцож эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсдээ олсон амжилт бүтээл, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ ярилцаж, санал, бодлоо солилцлоо.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон нь эрүүл мэндийн салбарт эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлж, иргэдэд учрах санхүүгийн бэрхшээлийг арилган, гадаад улсад явах урсгалыг бууруулсан учир “ШИНИЙГ САНААЧЛАГЧ БАЙГУУЛЛАГА” –аар шалгарч Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өргөмжлөл мөнгөн шагнал гардан авлаа.