ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ 17 сая хүн, 6 секунд тутамд нэг хүн тархины харвалтанд өртөж байна.
Манай улсын хувьд тархины харвалтын тохиолдол түүний нас баралт жилээс жилд нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг. Иймд жил бүрийн “Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр”-ийг 10 сарын 29-нд харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношилгооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд хоорондоо хэлэлцэн, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай болсон юм.

2019 онд тус өдрийг тохиолдуулан 10дугаар сарын 29-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан “4 ХҮНИЙ НЭГ НЬ ХАРВАХ ЭРСДЭЛТЭЙ. НЭГ НЬ ТА БИШ БИЗ” уриан дор эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгт 220 гаруй иргэд, үйлчлүүлэгчид оролцон “Харвалтын тухай ойлголт, эрсдэлт хүчин зүйл урьдчилан сэргийлэлт” сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдэд харвалтын эрсдэлийн үнэлгээг тодорхойлон, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.