“ДУСАЛ ЦУС АМЬ АВАРНА” донорын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Шинэ коронавируст халдвар /COVID19/-ын үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах хүрээнд зохион байгуулж буй улсын хэмжээнд цусны нөөц бүрдүүлэх зорилтот үйл ажиллагааг дэмжин Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “ДУСАЛ ЦУС АМЬ АВАРНА” уриан дор донорын өдөрлөгийг 2020 оны 05 сарын 04-ний өдөр ЦССҮТ-тэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Уг өдөрлөгт тус эмнэлгийн нийт 78 эмч, резидент эмч, сувилагч, дэмжин туслах үйлчилгээний ажилчид хамрагдаж 21 литр цусыг хандивласан ба энэ нь 180 гаруй хүний эрдэнэт амь насыг аварсантай тэнцэх сайн үйлсийн буянлаг арга хэмжээ болсон. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өөрийн эмнэлгийн 2020 оны донорын бүртгэлийг баяжуулан донорынхоо тоог нэмэгдүүлж чадсан. Мөн 3 ба түүнээс олон удаа цусаа хандивласан ажилчиддаа тус эмнэлгийн ҮЭХ-той хамтран гарын бэлгээр урамшуулж талархал илэрхийлсэн. Өдөрлөгийн үеэр резус сөрөг буюу ховор бүлгийн цусаа бэлэглэсэн ажилчиддаа дахин талархал илэрхийлье. Өдөрлөгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олонд УГТЭ-ийн захиргаа хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.