Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Шастинчууд та бүхэндээ жил бүрийн 8 дугаар сард уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шастинчууд бид энэхүү тэмдэглэлт өдрийг нөр их бүтээлч хөдөлмөрийн үр дүнгээр угтаж байгаа билээ. Учир нь УГТЭ-ийн хамт олон 5 дахь жилдээ ажил үйлсээрээ бусад Эрүүл мэндийн байгууллагуудаа манлайлан “ТЭРГҮҮН” байрыг эзлэн амжилт бүтээлээ бататган ажиллаж чадлаа.

Энэ цаг үед дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахлын аюулаас сэргийлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр, цаг наргүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа эмнэлгийн нийт хамт олон та бүхэндээ ажлын амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн жил бүрийн 8 дугаар сард Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар “Эмнэлгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян” болгон зарлаж, Эрүүл мэндийн байгууллага бүр өөрсдийн нөөц бололцоогоор тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэж, бие биедээ дэмжлэг үзүүлэх зорилтот ажлуудыг төлөвлөгөөтэйгээр өрнүүлэн ажилладаг уламжлалтай билээ. Энэхүү аяны хүрээнд Шастинчууд бид сэтгэл зүрх, зорилго зорилт нэгтэйгээр хамтран ажиллаж, олон олон үр дүнлэг ажлуудыг зохион байгуулж, олон арван ажилтнуудынхаа нийгмийн тулгамдсан асуудлуудыг хамтран дэмжиж, шийдвэрлэж ирсэн уламжлалтай.

УГТЭ-ийн нийт эмч, мэргэжилтэн, ажилтан, албан хаагч та бүхнийг 8 дугаар сарын зорилтот аяны үйл ажиллагаандаа зүрх сэтгэл гарган идэвхитэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар хамтран ажиллахыг уриалж байна. Та бүхэндээ дахин эрүүл мэндийн салбарын ажилтны баярын мэндийг хүргэж, зөв сэтгэл, зөв хандлага, зөв хамтын ажиллагааг улам бүр дэлгэрүүлэхийг хүсч, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн маань өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед төр засгийнхаа үүрэг, шийдвэрийг хүндэтгэн зөв зохистой сайхан баярлаарай.  

 

Хүндэтгэсэн: Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир /Ph.D/