Гадаадад хийгддэг байсан мэс заслыг өнөөдөр УГТЭ-ийн хамт олон Монголдоо хийлээ

УГТЭ -ийн Зүрх судлалын тасгийн Хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий, судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын сувилагч, инженер, техникч нарын хамтарсан баг Монгол Улсад пейсмейкер, зүрхний ресинхронизаци эмчилгээний дэвшилтэд шинэ арга болох зүрхний судсан дотуурх мэс заслын “ГИССИЙН БАГЦЫН ПЕЙСМЕЙКЕР СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ”-г эх орондоо нэвтрүүлж, анхны тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Ийнхүү зүрхний цохилт цөөрөх хэм алдагдал, зүрхний жигд бус агшилтыг засах эмчилгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломжийг бүрдүүллээ. Энэхүү аргачлал нь дэлхий дахинд шинэ тутам хэрэглэгдэж байгаа бөгөөд зүрхний жигд агшилтыг үүсгэх хамгийн өндөр үр дүнтэй аргад тооцогддог юм. Олон улсад цөөн тооны зүрхний төвүүдэд хийгдэж буй тус дэвшилтэт арга Монгол Улсад нэвтэрч буй нь УГТЭ-ийн зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрснийг илтгэж байгаа билээ.