Нүдний мах, өөхийг хайлуулдаг дусаалга гэж байхгүй

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буланд ШУГТЭ-ийн нүдний мэс заслын тасгийн их эмч Ц.Тэлмүүн оролцож, дараах зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.   

-Глауком буюу нүдний даралт ихсэлтийн дэлхийн долоо хоног тохиож байна. Энэ хүрээнд ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?

-Жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийг дэлхий даяар глаукомын 7 хоног болгон тэмдэглэж ирсэн. Манай эмнэлэг ч мөн глаукомын долоо хоногийг сүүлийн 10 жил тасралтгүй тэмдэглэж, энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн хувьд бусад жилүүдээс ялгаатай нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зайнаас бусдад уг өвчний талаар мэдээлэл, сурталчилгаа хийх арга барилыг баримтлан ажиллаж байна. Глауком өвчнийг олон нийтэд таниулан сурталчилах  зорилгоор бусад нарийн мэргэжлийн эмч болон иргэдэд зориулсан зөвлөмж бэлтгэн тарааж байна.

-Нүдний даралт ихсэлт гэж ямар өвчлөл вэ, хэр түгээмэл тохиолддог вэ?

-Нүдний даралт ихсэх өвчин нь архаг удаан явцтай өвчин юм. Нүдний алимны дотор талыг өмнөд ба арын хоргын гэсэн 2 төрлийн шингэн дүүргэж оршдог. Арын хоргын шингэнийг та бидний сайн мэддэгээр нүдний цөцгий гэж нэрлэдэг. Харин өмнөд хоргын шингэний урсгалын зохицуулга алдагдаснаар нүдний алиман дотор шингэн хуримтлагдаж эхэлдэг. Шингэн хуримтлагдаж нүдний даралт нэмэгдэх тусам харааны мэдрэл гэмтэж хатингаршиж байдаг. Харааны мэдрэл нь мэдрэлийн эсүүдээс бүрдэж тогтдог тул нэгэнт хараагаа алдсан бол эргэж сэргээх боломжгүйгээр хараагаа насан туршдаа алддаг эмгэг юм. Өвчний эхний үе шатуудад хүнд ямарваа нэгэн зовиур илрэхгүй бөгөөд зөвхөн эцсийн шатандаа орсон үед л зовиур өгч мэдрэгддэг. Тиймдээ ч энэ өвчнийг “харааны чимээгүй хулгайч” гэж нэрлэх тал бий. Хэвийн нүдний дотоод даралт 15-21 ммНg буюу түүнээс бага байх ба зарим төрлийн нүдний даралт ихсэх өвчний үед энэ даралт хэвийн хэмжээндээ байж ч болдог.

2020 оны дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо мэдээгээр дэлхий дээр 80 сая хүн глаукомоор өвчилсөн энэ тоо 2040 он гэхэд 112 сая болон өсөх төлөвтэй байна. Эдгээр 80 сая хүний 11 сая орчим нь тус өвчнөөр 2 нүдний хараагаа алдаж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байдаг байна. Өндөр хөгжсөн АНУ-д л гэхэд хорт хавдар болон зүрхний шигдээс өвчний дараа орох эрүүл мэндийн 3 дахь тулгамдсан асуудал болоод байна.

-Нүдний даралт ихсэлт нь ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй гэлээ. Тэгвэл эрсдэлт хүчин зүйлсэд нь юу орох вэ?

-Удамшил, нас, үндэс угсаа зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Хэрвээ таны цусан төрлийн садангийн хэн нэгэн глауком буюу нүдний даралт ихсэх өвчнөөр өвдсөн бол та энэ өвчнөөр өвдөх магадлал 50 хувь байдаг. Мөн зарим бүс нутгийн хүмүүс нүдний бүтцийн онцлог болон удмын ойролцоо мэдээллээсээ болоод бас энэ өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг.

Дээр хэлсэнчлэн шинж тэмдэггүй явагддаг өвчин тул 40-өөс дээш насны иргэд жил тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал эрт илрүүлэх, хараагаа хамгаалан үлдэх боломжтой байдаг.

-Нүдний мах ургалт юунаас болж үүсдэг вэ, хэрхэн эмчлэх вэ?

-Хамгийн том нөлөө үзүүлэх хүчин зүйл нь хэт ягаан туяаны нөлөөлөл байдаг. Нарны туяа болон дэлгэцтэй бүх зүйлсээс хэт ягаан туяа ялгарч байдаг. Тиймээс гадаа нар, салхинд олон цагаар ажилладаг, эсвэл дэлгэц удаан хугацаагаар ширтэх шаардлагатай ажил мэргэжилтэй хүмүүсийн нүдэнд мах ургах магадлал ихээр нэмэгддэг.

Нэгэнт ургасан махыг мэс заслын аргаар л бүрэн төгс эмчлэх боломжтой байдаг.

-Нүд хуурайших нь нүдний мах, өөх ургах шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болдог гэлээ. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нүдээ байнга чийгшүүлэх, дусаалга дусаах шаардлагатай юу?

-Эмийн бизнес эрчимтэй хөгжиж, сурталчилгаа ч түгээмэл болж буй өнөө цагт нүдэнд тэжээл өгдөг, нүдний витамин зэрэг бүтээгдэхүүнүүдийг дур мэдэн хэрэглэх нь нэмэгдсэн. Нүдний хиймэл нулимс, төрөл бүрийн дусаагуурууд эмчийн жоргүй олгогддог. Нүд чийгшүүлэх эмчилгээнд дэлхийн стандартын дагуу зөвхөн хиймэл нулимсыг л зөвлөдөг.

Зарим нүдний дусаалга нүд чийгшүүлнэ гэсэн ч найрлагадаа судас агшаагч бэлдмэл агуулдаг бөгөөд удаан хэрэглэвэл нүдний бүтцэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс стандарт болсон хиймэл нулимсыг дусааж байвал зохистой.

Хиймэл нулимс нь судас нарийсгагч, сэнгэнэсэн мэдрэмж төрүүлэх нэмэлт бодис найрлагадаа агуулаагүй, зөвхөн нулимсыг орлуулах зориулалттай учир илүү аюулгүй. 40-өөс дээш насныхан хиймэл нулимсыг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Насыг онцолж байгаа нь учиртай.

Нулимсан давхарга нь эвэрлэг бүрхүүлийг хучих салст давхарга, нулимсны булчирхайгаас ялгарах усан давхарга, зовхины ирмэгт байрлах булчирхайгаас ялгарах тосон давхарга гэсэн гурван давхаргаас бүрдэнэ. Нүдний зовхины ирмэгт 30-40 булчирхайнууд байрладаг бөгөөд нүдийг анивчих үед нүдийг тосоор хучих үүргийг гүйцэтгэдэг. Тос нь анивчих үед нүдийг зөөлрүүлж, гадна талаар бүрхүүл үүсгэж өгснөөр усан давхаргыг задрахаас хамгаалж, барьж байдаг. Гэтэл нас ахих тусам энэхүү үүрэг нь алдагдаж эхэлдэг. 40-өөс дээш насанд зовхины ирмэг дэх булчирхайнууд хог, шороогоор бөглөрч, нас ахисны улмаас үйл ажиллагаа доголдож эхэлдэг байна. Хэрэв тос байхгүй болсон ч усан нулимс байвал эрүүл байх нэг үндэс болно. Тиймээс энэ насны хүмүүс ялангуяа, хавар намрын салхи шуурга ихтэй үед нүдээ байнга чийгшүүлж байх хэрэгтэй.

-Хиймэл нулимсны зохистой хэрэглээ нь ямар байх вэ, өдөрт хэдэн удаа дусаах шаардлагатай вэ?

-Үзүүлэхээр ирж буй хүмүүс хиймэл нулимсыг байнга дусаадаг гэж хэлдэг. Та өдөрт хэдэн удаа дусаадаг вэ? гэж асуухаар өдөрт гурван удаа эсвэл санасан үедээ гэж хариулдаг. Гэтэл үүнийг 6-8 удаа, хамгийн багадаа 5 удаа дусааж байж үр дүнгээ өгнө.

Хиймэл нулимсыг 1 сарын хугацаанд хэрэглэж дуусгах шаардлагатай. Түүнээс удаан хугацаагаар хэрэглэвэл нүд халдвар, үрэвсэл авах шалтгаан болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хиймэл нулимс буюу дусаагуурыг задалснаас хойш сарын хугацаанд хэрэглэж дуусгах шаарлагатай байдаг. Гэтэл хүмүүс нэг дусаалгаа 2 сар, түүнээс удаан хугацаагаар хэрэглэх тохиолдол бий. Ямар ч дусаагуур өөртөө нөөшлөгч бодис агуулдаг. Тухайн бүтээгдэхүүнийг сарын хугацаанд муутгахгүй байх зориулалттай уг бодис удаан хугацаанд хадгалагдсанаар дотор нь нян, бактер үржих таатай нөхцөл бий болдог. Удаан хугацаанд хэрэглэх нь эргээд халдвар, үрэвсэл авах шалтгаан болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Нүдний өөхийг шимэгдүүлэх дусаагуур гэж байдаг уу?  

-Нүдний өөх, мах хоёр хоорондоо ялгаатай. Нүдний өөх нь хэзээ ч эвэрлэг бүрхүүлийг давж ургадаггүй. Нүдний мах нь салст давхаргад ургадаг бол өөх нь салстын доод давхрага буюу тенон давхаргад өөхөн хуримтлал үүсэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн өөхний гадна талаар салст давхрага байгаа учир эвэрлэгийг давж ургадаггүй. Нүдний өөхтэй хүнийг заавал мэс заслын аргаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үздэггүй. Нүдийг чийгшүүлэх эмчилгээ хийлгэснээр ургалт нь удааширдаг. Хүмүүс нүдний мах, өөхийг хайлуулах дусаалга байдаг гэж ярих болсон. Гэтэл тийм дусаагуур огт байхгүй.

-Та сая нүдний мах, өөх хайлуулах дусаагуур байхгүй гэлээ. Гадуур нүдний мах, өөх хайлуулдаг гэх бүтээгдэхүүнүүд байх юм. Тэдгээр нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Амбулаторийн үзлэгээр нүдний мах, өөх хайлуулах зориулалттай гэсэн дусаагуур хэргэлэж байгаа, 2-3 сар хэрэглэсэн ямар ч үр дүн үзүүлээгүй гэсэн тохиолдлууд цөөнгүй иргэд ирдэг. Гэтэл дэлхийн хэмжээний ямар ч стандарт, удирдамжид хэзээ ч тийм дусаагуур зөвлөдөггүй. Хиймэл нулимс дусаах талаар л зөвлөмж байдаг. Нэг зүйлийг анхаарах нь чухал. Таны дусааж буй хиймэл нулимс нүдний махыг хэзээ ч алга болгохгүй, харин ургах процессыг удаашруулдаг.

Нүдний мах, өөхийг хайлуулах дусаалга гэж байхгүй. Нэг зүйлийг анхаарах нь чухал. Таны дусааж буй хиймэл нулимс нүдний махыг хэзээ ч алга болгохгүй, харин ургах процессыг удаашруулдаг.

– Нүдний мах авахуулах мэс засал хийлгэсний дараа дахин ургах тохиолдол бий юу?

– Дээхэн үед мэс заслын эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 20-30 орчим хувь нь дахин ургах тохиолдол илэрдэг байсан бол өнөө цагт мэс заслыг хэрхэн хийвэл үр дүнд хүрэх, ямар эмийн эмчилгээг хийх талаар олон талын судалгаа шинжилгээ хийгдэж байна. Өмнө нь нүдний махыг аваад салстыг нийлүүлж оёх арга хэрэглэдэг байсан бол орчин үед эмчилгээний тактик илүү боловсронгуй болж нүдний махыг авсны дараа эрүүл хэсгээс салст авч нөхөх аргыг ашиглах болсон. Иймээс дахин ургах магадлал харьцангуй багассан. Хэрэв дахин ургасан тохиолдолд эдийн ургалтыг удаашруулдаг эмийг мэс засалд ашиглаж болдог. Мөн амнион хальсаар нөхөх мэс заслын арга ч байдаг. Аль аль нь дахин мах ургах эрсдэл бага байдаг.

-Нүдний махаа авахуулсны дараа ямар гам дэглэм барих ёстой вэ?

– Нүдний махыг авсны дараа оёдол үлддэг бөгөөд үүнийг 7-10 хоногийн дараа авдаг. Энэ хугацаанд гам барих шаардлагатай. Гараараа нухах, үрэх тохиолдолд тавьсан салст ховхорч унах эрсдэлтэй тул энэ хугацаанд нухахгүй байх шаардлагатай. Нүдний махаа авахуулчихаад нүдээ хуурайшуулах, тоос шороотой орчинд ажиллах, нарны шууд тусгалтай орчинд олон цагаар ажиллаад л байх юм бол дахин ургах өндөр магадлалтай. Гадуур гарахдаа том хэмжээтэй нарны шил зүүж, нар салхины нөлөөллөөс нүдээ хамгаалах, нүд чийгшүүлэх эмчилгээг сайн хийснээр дахихгүй байх нэг нөхцөл болдог. Байнга ойрын харааг ашиглаад байвал хүний нүдний цавчилтын тоо цөөрдөг. Нүдээ цавчилснаар нүдийг чийгшлээр хангаж өгнө. Гэтэл байнга нэг зүйлийг ширтээд байвал нүдний цавчилтын тоо цөөрч нулимс ялгаралт буурч нүд хуурайшдаг. Тиймээс дэлгэц ширтэхээ мөн багасгах хэрэгтэй. 

-Компьютер харааны хам шинж хараанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Нүдний хөгжил гүйцсэн насанд хүрэгчдэд харьцангуй бага нөлөө үзүүлдэг ч хүүхдэд сөрөг нөлөө ихтэй. Хүүхдийн нүдний бүтэц хөгжиж амжаагүй байдаг тул хугарлын гажиг буюу үүсэх магадлалтай. Алсын бараа, уулын оройг ширтвэл хараанд сайн гэж ярьдаг шүү дээ. Холын зайнд харснаар харааны фокус тааруулдаг булчингууд сулардаг. Ойрын хараа гэдэг нь 33 сантиметрийн зайнд харахыг хэлэх бөгөөд ийм зайнд байнга хараад байвал харааны фокус тааруулдаг булчингууд чангарч, харааны шилний гажиг үүсч эхэлдэг. Япон, Солонгосын хүүхдүүд харааны шилтэй байх нь элбэг. Энэ нь олон цагаар сууж хичээлээ давтах, компьютер, дэлгэц их ширтсэнтэй холбоотой.

– Хүүхэд, насанд хүрэгчдийн нүдний өвчлөл ямар ялгаатай байдаг вэ?

-Хүүхдэд нүдний төрөлхийн гажиг түгээмэл тохиолддог бол насанд хүрэгчдэд олдмол гажигууд илүү түгээмэл. Төрөлхийн хугарлын гажигтай, шил зүүх шаардлагатай хүүхдийг эцэг эх нь анзаараагүйгээс болж эмчлэгдэх хугацааг алддаг. Хүүхэд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх насанд хүрсэн үед мэдсэн ч аль хэдийн мохос хараа үүссэн байх нь бий. Энэ нь нүдийг сайтар хөгжүүлж чадаагүйгээс үүдэлтэй. Аливаа зүйлийг бүдэг хардаг хүүхдэд шил тааруулж тодруулах шаардлагатай бөгөөд үүнийг засах тодорхой нас бий. Ихэвчлэн 6, зарим тохиолдолд 8 нас. Үүнээс хойш хугацаа алдвал засах боломж хомс. Гаднаас нь харахад эв эрүүл, сав саруул хэрнээ шалгахаар хүүхдийн хараа маш муу байдаг.

Тиймээс хүүхдээ телевиз үзэхдээ онийж, хүчилж хардаг, далийж хардаг эсэхийг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Эмч үзээд шаардлагатай бол шил тааруулна. Гэхдээ шил тааруулсан л бол боллоо гэж ойлгож болохгүй. Хүүхдийн нүд өсөж байгаа тул 6 сар тутамд шилийг солих ёстой.