Тархмал хатууралттай тэмцэх дэлхийн өдөр

Манай дэлхий жил бүрийн 05 сарын 30-д “Тархмал хатууралттай тэмцэх дэлхийн өдөр” тэмдэглэдэг ба бусад дэлхийн өдрүүдээс ялгагдах онцлог нь 05 сарын дундаас 06 сарын дунд хүртэл үргэлжилдэгт оршдог.

“Тархмал хатууралттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн 2020-2022 оны уриа бол “Хамтын харилцаа” юм. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, нийгмийн тусламж үзүүлэгч аливаа байгууллага бүгд хамтран бат бөх, эерэг хамтын харилцаа үүсгэх нь тархмал хатууралттай өвчтөнүүдэд маш ихээр тулгардаг оношилгоо, эмчилгээний хүртээмж, чанар, нийгмийн харилцаан дах  бэрхшээлүүдийг даван туулах гол гарц гэсэн утгатай ажээ.  Учир нь тархмал хатуурал нь хөдөлмөрийн чадвар алдалтыг үүсгэдэг, эдгэрэл үгүй мэдрэлийн архаг эмгэг улмаар хүнд зэргийн хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг эмгэг тул энэхүү эмгэгтэй өвчтөнүүд нийгмээс тусгаарлагдсан, оновчтой эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хоцрогдох нь түгээмэл байдаг.

Иймд эмч бид бүгдийн хувьд тархмал хатуурлын хамгийн сүүлийн оношилгоо эмчилгээний менежментийг яаралтай цаг алдалгүй нэвтрүүлэх нь чухал ба “Тархмал хатууралттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн 2020-2022 оны уриа болох “Хамтын харилцаа”-г марталгүй, өвчтөн болон түүний гэр бүлд уг өдрийн талаар, уг эмгэгийн  талаар мэдээлэл маш сайн өгч хэвших нь цаашдын бид бүгдийн зорилгод хамтдаа хүрэхэд дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Тархмал хатуурлын дэлхийн стандарт оношилгоо эмчилгээг практиктаа нэвтрүүлэхэд хамтран зүтгэцгээе !!!

Хүндэтгэсэн МММЗТ-ийн харьяа Мэдрэл судлалын тасаг