Люксембургийн Засгийн газрын тусламжийн төслөөр жилд 2,600 орчим монгол хүний амь нас аврагдаж байна

Монгол Улсад Люксембургийн Засгийн газрын тусламжийн төсөл хэрэгжиж эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Люксембург нь далайд гарцгүй, 600 мянга гаруй хүн амтай, баруун Европын хамгийн жижиг улс хэдий ч  нэг хүнд ногдох ДНБ нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог өндөр хөгжилтэй, эдийн засаг нь хөгжсөн улсуудын нэг юм. Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улстай 1976 оны 7 дугаар сарын 11-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа  нь 1990 оноос эхлэн идэвхэжсэн түүхтэй. Өнгөрсөн 20 жилийн турш манай улсад Люксембургийн Засгийн газрын дөрвөн үе шаттай буцалтгүй тусламжийн төсөл амжилттай хэрэгжиж ирсэн юм. Энэхүү төслийн үр дүнгийн талаар тус төслийн зохицуулагч, Зүрх судасны үндэсний төвийн захирал Д.Мөнгөнчимэг эмчтэй ярилцлаа.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Люксембургийн Засгийн газрын тусламжийн төсөл анх хэзээ, яаж эхэлсэн талаар яриагаа эхлэх үү?

Сайн байна уу? Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. 2001 оны 1-р сард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Люксембург улсад айлчлал хийж, манай улсын нийгмийн тулгамдсан асуудалд 954 мянган еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гарсан түүхтэй. Ингэхдээ эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тохиролцож, манай улсад зүрх судасны өвчлөлийн нас баралтын тоо маш өндөр байсантай холбоотойгоор энэ чиглэлд төсөл эхэлсэн юм. Ингээд манай улсад Францын доктор Патт, Люксембургийн зүрхний төвийн захирал Жон Байзел нар ирж нөхцөл байдлын талаар судалж, төслийг ямар байдлаар хэрэгжүүлэх талаар загвар гаргасан. Тусламжийн мөнгийг яаж хэрхэн зарцуулах, яавал үр дүнтэй байх вэ гэдгийг энэ хоёр хүн судалж төслийн үндсэн суурийг тавьсан юм. Яг энэ үед манай улсын эдийн засаг болоод эрүүл мэндийн салбар үнэхээр хүнд байсан шүү дээ. Судалгааны үндсэн дээр Улаанбаатар хотод том төв байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас илүү хот болон хөдөө орон нутагт байгаа эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг жигд дээшлүүлж, нийтээр нь нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, дэвшилтэт технологийг ашиглан хоорондоо мэдлэг мэдээлэл солилцож, байнгын харилцаа холбоотой байж туршлагаа хуваалцаж, нийт ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээг жигд хүртээх боломжийг бүрдүүлэх нь зөв гэж үзсэн. Ингээд 2001 – 2003 оны хооронд судалгаа шинжилгээ, бэлтгэл ажил хийгдэж 2003 оноос төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

 

-Нэг удаагийн буцалтгүй тусламж нь 20 жил үргэлжлэх төсөл болж өөрчлөгдөхөд эхний шатны төслийн үр дүн хамгийн чухал нөлөө үзүүлсэн байх. Та эхний төслийн хүрээнд ямар ажил хийгдэж, ямар үр дүнд хүрсэн талаар яриач?

2003 онд Монгол улсын зургаан аймгийн эмнэлгийг улсын 3-р төв эмнэлгийн Зүрхний тасагтай холбосон нийт 7 эмнэлэгт төслийн үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед манай улсын хэмжээнд зүрхний эхо аппарат ганцхан ширхэг байдаг, тэр нь улсын 3-р төв эмнэлэгт байлаа. Энэ нь нэлээд хоцрогдсон хар цагаан, тогтмол ажилладаггүй эхо байсан л даа.  Аймгуудад зүрхний эхо байхгүй, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат л байдаг байсан. Гэхдээ аппарат нь цаасгүй /инээв/. Хөдөө орон нутгийн эмч нар анагаахын сургууль төгссөнөөсөө хойш сургалтад хамрагдаагүй. Үүнээс 80-90 хувь нь зүрхний нарийн мэргэжлийн биш дотрын эмч нар байлаа. Бидний бодит нөхцөл ийм л байсан...Төсөл эхэлснээр 3-р төв эмнэлгийн зүрхний тасаг өнгөт эхотой болж, /энэ нь өмнө байсан хуучин эхоноос хэд дахин сайн орчин үеийн эхо/ мөн зургаан аймгийн эмнэлгүүд маань ч эхотой болж байлаа. Эмч хүний хувьд өвчтөнийхөө зүрхийг яг л бодит мэтээр өнгөтөөр харна гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж байж билээ. Улмаар зүрх судасны өвчний оношилгоо сайжирч маш олон онош өөрчлөгдөж байлаа. Хамгийн дутагдаж байсан нь зүрхний эхо байсан учраас тодотгоод байгаа болохоос цаана нь нарийн ач холбогдолтой, хэрэгцээтэй олон төрлийн аппаратууд хамт нийлүүлэгдсэн. Зүрхний өвчнийг оношлоход шаардлагатай цогц төхөөрөмжүүдээр хангасан гэсэн үг л дээ. Эдгээр төхөөрөмж ирэхээс өмнө бүх эмч нарыг шат дараалалтай сургалтад хамруулж, эмч нар маань бэлтгэгдсэн байсан.

 

-Тоног төхөөрөмж шинэчлэгдсэн ч ажиллуулж чадахгүй гэх асуудал одоо ч зарим эмнэлэгт байдаг. Гэтэл энэ төслийн хүрээнд урьдчилаад бүх эмч нарыг сургалтад хамруулсан гэхээр төсөл анхнаасаа их зохион байгуулалт сайтай хэрэгжиж эхэлсэн гэдгийг харуулж байна. Энэ үед мөн эмч нарын алсын зайнаас харилцах боломжийг нээсэн гэж сонссон?

Тэгэлгүй яах вэ, тоног төхөөрөмжүүд ирсэн өдрөөсөө л шууд ашиглагдан, өвчтөний оношилгоонд гайхамшигтай тус нэмрийг үзүүлж эхэлсэн. Эхний төслийн бас нэг чухал асуудал нь бид Монгол улсад анхны телемедициний сүлжээг хөгжүүлж эхэлсэн явдал юм. Телемедицин гэдэг нь алсын зайн анагаах ухаан. Өөрөөр хэлбэл утсаар, онлайнаар гэх мэт алсын зайнаас эмч эмчтэйгээ, эмч өвчтөнтэйгөө харилцаж эрүүл мэндийн  асуудлаа шийдвэрлэхийг хэлж байгаа юм. Манай төсөлд хамрагдсан долоон эмнэлгийн эмч нар маань телемедициний анхны баг болж байв. Тэр үед интернэтийн хурд 44-хөн киловатт байсан ч, бид шинэ боломж олдсонд баярлаж урам зоригтойгоор ажилладаг байлаа. Тухайн үед хөдөө орон нутгийн эмч нар хотын эмч нартай холбоо сул, ихэвчлэн илгээх бичиг хийж өгөөд аль нэг төв эмнэлэг рүү л явуулдаг байлаа шүү дээ. Иргэд хот руу ирэх нь зардал ихтэй, ирээд очер дараалал хүлээдэг, айл гуйж хоноглодог гэх мэт хүндрэл их байсан. Харин төсөл хэрэгжсэнээр төслийн 6 аймгийн эмч нар эмчлүүлэгчийн эхо зураг, зүрхний цахилгаан бичлэг, шинжилгээ онош зэргээ телемедициний программд байршуулан 3-р эмнэлгийн эмч нартай санал солилцон, зөвлөгөө авч аймагтаа эмчилгээ хийж эхэлсэн. Харин тэндээ хийх боломжгүй зүрхний мэс засал, судсан дотуурх эмчилгээ зэрэг ахисан түвшний эмчилгээ оношилгоо хийлгэх зайлшгүй хэрэгцээтэй хүмүүсийг л хот руу явуулдаг болсон юм.  

 

-Хоёр дахь шатны төсөл яаж эхлэх болсон бэ? Эхний шатандаа гол сууриа тавьчихсан учир өмнөх ажлуудаа илүү гүнзгийрүүлсэн байх. 6 аймгийг хамарч байсан төсөл хүрээгээ ямар хэмжээнд тэлж, ямар гол ажлууд хийгдсэн бэ?

2006 онд Люксембургийн  парламентын гишүүд Монголд айлчлах үеэрээ манай төслийн ажилтай танилцсан. Бага зардлаар маш үр дүнтэй, хүртээмж сайтай төсөл болсон гэж сайшаагаад, Монголын талаас хүсэж байвал бид дахин үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд явсан юм. Ингээд 2007 онд Эрүүл мэндийн яам хүсэлт тавьж 2007 – 2012 оны хооронд 2 сая 431 мянга гаруй еврогийн санхүүжилттэй хоёр дахь шатаа хэрэгжүүлсэн. Нэг удаагийн л буцалтгүй тусламжаар эхэлсэн төсөл маань ийнхүү цааш үргэлжилсэн юм. Энэ шатанд бид хийж эхэлсэн ажлаа илүү гүнзгийрүүлсэн. Төслийн хүрээнд өмнөх 6 аймаг дээрээ нэмж 2 аймаг оруулаад газарзүйн хамрах хүрээ болоод, агуулгын хувьд илүү өргөжсөн. Өмнөх шатанд зөвхөн зүрхний оношилгоо, эмийн эмчилгээнд төвлөрч байсан бол хоёр дахь шатнаас эхлэн судсан дотуурх зүрхний судасны оношилгоо, эмчилгээнд эмч мэргэжилтнүүдийг сургасан. Бидний ашигладаг телемедициний сүлжээ программ илүү сайжирч хөгжсөн. Өвчтөний түүхийн файл үүсгэж мэдээлэл, онош зэргээ хадгалж архивлаад хүссэн үедээ эргээд хардаг болсноор эмчийн цагийг маш их хэмнэж,  хөнгөвчилсөн юм. Мөн төслийн 8 аймгаас Улаанбаатар хотод үзүүлэхээр ирдэг байсан иргэдийн тоо эрс буурч, аймагтаа үзүүлж, оношлуулж, эмчлүүлэх болсон. Орон нутгийн эмч нар маань дотооддоо тогтмол сургалтад хамрагддаг байсан бол хоёр дахь төслийн хүрээнд бүгд гадаад улсад суралцаж ихээхэн чадвартай болцгоосон. Тоног төхөөрөмжүүд маань ч дахин шинэчлэгдсэн. Жил бүр хоёроос багагүй удаа цугларч хурал семинараа хийж хоорондоо мэдлэг туршлагаа солилцдог болсон. Мөн хотоос эмч нар орон нутагт очиж хүнд өвчтөнүүдийг үзэх, зааж сургах гэх мэтээр хамтран ажиллах боломжууд нээгдсэн юм.

 

-Орон нутгийн эмч нарын хүрэлцээ ер нь бага байдаг гэж сонссон. Орон нутагт эмч нар сэтгэл хангалуун ажиллах боломжийг мөн бүрдүүлсэн гэж  харж байна?

Орон нутагт нэг аймагт 1-3 эмч л ажилладаг, ачаалал маш их. 2-3 хүний хийх ажлыг нэг эмч хийх нь элбэг. Бид нар байнгын холбоотой хамтарч ажиллаж, бие биедээ тусалснаар нэг хамт олон болж бүрэлдсэн. Тэд маань маш их сэтгэл зүтгэл гаргаж ажилласны үр дүнд иргэдэд үзүүлэх тусламж нь чанаржиж, орон нутаг дахь нэр хүнд нь өсөж, өөрсдөдөө итгэлтэй, тогтвортой ажилладаг болсон шүү. Төслийн хүрээнд орон нутагт зүрхний оношилгоо эмчилгээ эрс сайжирч эерэг, ахицтай үр дүн гарч байгаа нь тэдний маань хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, хүсэл эрмэлзэл салшгүй холбоотой.

 

-Хоёр дахь шатны төслийн хүрээнд судсан дотуурх оношилгоо эмчилгээг хийж эхэлсэн гэлээ. Та энэ талаар дэлгэрэнгүй яриач?

Хоёр дахь шатны төслийн хүрээнд манайд тусламжаар ирж үзлэг оношилгоо, мэс засал хийдэг байсан Францын “Хил хязгааргүй ангиографистууд” төрийн бус байгууллагын багтай гэрээ байгуулж, эрчимтэй сургалтууд хийснээр манай эмч нарын чадавх эрс сайжирсан. Анх  судсан дотуурх мэс засал хийхэд тусалж байсан бол 2011 он гэхэд  монгол эмч нар маань судсан дотуурх оношилгоо, эмчилгээг  бараг 100 хувь бие даан өөрсдөө хийх чадвартай болсон байлаа.

-Гурав дахь шатны төсөл 8 сая 371 мянга гаруй еврогийн санхүүжилттэй хэрэгжсэн гэсэн. Энэ шатанд төсөл орон даяар хэрэгжих болсон нь илүү далайцтай үр дүн гарахад хүрсэн болов уу ? 2012 -2017 оны энэ үед хагалгааны тоо ч эрс нэмэгдэж,  нас баралтын тоо ч их буурсан үзүүлэлттэй байна лээ. Энэ үед хийгдсэн гол ажил, түүний үр дүнгийн талаар?

Монгол Улсад анх 1969 онд зүрхний мэс заслын тасаг байгуулагдсан. Гэвч түүнээс хойш 35 жилийн турш бараг л хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан тул гурав дахь төслийн хүрээнд зүрхний мэс заслыг эрчимтэй хөгжүүлэх олон үйл ажиллагаа хийгдсэн. Үүнд зүрхний нээлттэй мэс засал хийгддэг хагалгааны 2 өрөө 6 ортой эрчимт эмчилгээний өрөөг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон. Мөн эмнэлгийн гадаа цахилгааны тогтвортой үүсгэвэр болох өндөр хүчин чадалтай генератор хүртэл суурилуулсан. Монголын Засгийн Газраас мэс заслын хоёр өрөөний засвар үйлчилгээ, хагалгааны үеийн урсгал зардлуудыг шийдсэн нь манай салбарын дэвшилд маш чухал нөхцөл нь байлаа. Эмч сувилагч техникч нарын чадварыг нэмэгдүүлэх тал дээр гадаад сургалтууд болон ажлын байран дээр Люксембург, Францын нэр хүндтэй мэс засалчдын баг ирж манай хүмүүст хүмүүнлэгийн мэс засал хийж дотоодын мэргэжилтнүүдийг багаар нь сургах болсон. Жилдээ 2-3 удаа ирж манай мэргэжилтнүүдтэй хамт мэс засал хийдэг шүү дээ. Мөн Тайван, Солонгос, Герман зэрэг олон орны зүрхний төвд мэргэжилтнүүдээ 6 сараас 2 жил хүртэл хугацаанд сургасан. Төсөл хамрах хүрээгээ тэлж 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг тус бүрийн зүрхний эмч нарыг төсөлдөө хамруулж, аппарат тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Энэ үед алсын зайн программ маань тасагт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн очер дарааллыг зохицуулах, эм тариаг нь захиалах, хагалгааны төлөвлөгөө боловсруулж, мэс заслын эрсдэлийн үнэлгээ хийдэг болох хүртлээ хөгжсөн. Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн яамнаас  орон даяар бүх эмнэлгийн статистикч эмч нарт цахим эрүүл мэндийн сургалтыг  зохион байгуулахад энэ төсөл санхүүжүүлэгчээр оролцсон юм. Энэ үеэс оношилгоо эмчилгээний чанар дээшлэхийн сацуу иргэдээ өвдүүлэхгүйн тулд зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нийгэмд чиглэсэн сургалтууд, бүх төрлийн мэдээллийн суваг ашиглан мэдээлэл хүргэх ажлууд хийж эхэлсэн. Одоо ч манай зүрхний төвийн веб болон сошиал хуудсаар түгээгддэг. Дашрамд хэлэхэд манай зүрхний мэс заслын баг сүүлийн 10-аад жилийн турш жил бүр 180-220 гаруй хүнд зүрхний нээлттэй мэс засал хийж, өндөр өртөгтэй тусламжийг  эх орондоо чанартай үзүүлж байна.

-Дөрөв дэх төсөл хэрэгжээд энэ жил дуусаж байна уу? Зүрхний төвийн барилгын зураг бэлэн болсон гэж сонссон. Одоо ямар ажил хүлээгдэж байгаа вэ?

Дөрөв дэх төсөл ерөнхийдөө Зүрх судасны төвийг Үндэсний төв болгон институтчлэн хөгжүүлэх, ингэснээр монгол хүн эх орондоо зүрх судасны чиглэлд чанартай өндөр зэргийн тусламжийг ая тухтай үйлчлүүлэн хүртэх боломжийг бий болгоход зорьсон. Тиймээс Зүрх судасны Үндэсний төвийн барилга барихад нэн тэргүүнд шаардлагатай барилгын иж бүрэн зураг төслийг Европын эмнэлгийн зураг төслөөр мэргэшсэн байгууллагаар хийлгэсэн. ИДОМ компанийн баг манайд таван удаа ирэхдээ үүдний жижүүрээс эмнэлгийн дарга хүртэл бүх ажилтантай уулзаж хэрэглэгч нарын хэрэгцээ шаардлагыг дээд зэргээр судалж, байгальд ээлтэй орчин үеийн арга технологийг ашигласан  Монгол Улсын Зүрх Судасны Төвийн барилгын зураг төслийг бэлэн болгож өгсөн. Одоо манай Засгийн Газраас Зүрх Судасны Төвийн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх л ажил үлдсэн.

-20 жилийн өмнөх манай улсын зүрх судасны салбар, өнөөдрийн зүрх судасны салбар хоёрын хооронд маш их ялгаа бий. Энэ салбар дахь амжилт ололт, хөгжил дэвшил нь Люксембургийн засгийн газрын тусламжийн төсөлтэй салшгүй холбогдох юм байна. Хоёулаа өнгөрсөн хугацааны нийт үр дүнгээ базаж нэг дүгнээд яриагаа дуусгах уу?

20 жил үргэлжилсэн энэхүү төсөл Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх Судасны Үндэсний төв болон нийт 21 аймаг 9 дүүргийн эмнэлгийн зүрх судасны эмч нарыг гадаад, дотоодын сургалтад тогтмол хамруулж, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлж, эмч нарын хоорондын мэргэжлийн харилцаа холбоог сайжруулж, мэдлэг мэдээллээ солилцох, иргэдийнхээ эрүүл мэнд  амьдралын чанарыг дээшлүүлэхэд хамтран ажилладаг үндэсний сүлжээ  бий болгож, шаардлагатай эмнэлгийн болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдээр хангасан. Энэ бүхний эцсийн үр дүнд эрдэнэт хүний амь нас аврагдан уртсаж байна. Хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэхтэй зэрэгцэн амьдралын буруу хэвшил ч ихсэж байгаа нь зүрх судасны өвчлөлийн тоо нэмэгдэхэд хүргэж байна. Гэхдээ Монгол улсын статистикт 2003 оны байдлаар зүрх судасны өвчний нас баралтын тоо 10 мянган хүнд 24.4 хувь байсан бол 2020 оны эцсийн байдлаар энэ тоо 16.19 болж 10 000 хүн тутамд 8.21 -р буурсан. Энэ нь жилд 2600 гаруй  эрдэнэт хүний амь нас аврагдаж байна гэсэн үг. Салбарын маань энэхүү сайхан амжилтад Люксембургийн ард түмний олон жилийн тусламжийн үр нөлөө билээ.

Эцэст нь хэлэхэд, Эмч хүний хувьд хүн бүрийг тамхинаас татгалзан, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллож чанартай урт наслахын төлөө эрүүл амьдралын хэв маяг руу хичээнгүйлэн тэмүүлж амьдрахыг нийт иргэддээ уриалмаар байна.  

-Баярлалаа, Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Та бүхний цаашдын үйл ажиллагаа болон төслийн ажилд нь амжилт хүсье.