Л.ОЮУНЗАЯА: УГТЭ нүдний торлогийн ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ хийж, лазер эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж байна

Орчин үед техник технологи өндөр хөгжиж дэлгэцийн болон осол гэмтлийн шалтгаантай торлогийн эмгэгийн тохиолдол ихсэж байна. УГТЭ нь торлог, шилэнцэрийн бүх төрлийн эмчилгээг хийдэг бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн нүдний мэс заслын их эмч Л.Оюунзаяатай ярилцлаа.

-Сайн байна уу. УГТЭ нь нүдний цогц үйлчилгээг үзүүлдэг улсын ганц эмнэлэг. Өнөөдрийн байдлаар танай тасаг хэчнээн төрлийн үйлчилгээ үзүүлж байна вэ?

Сайн байна уу. Манай тасаг нь нүдний нарийн мэргэшсэн есөн эмч, мэс заслын гурван сувилагч, амбулаторийн хоёр сувилагч, ээлжийн таван сувилагч, ахлах сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.  

Бидний хувьд өмнөд сегмент, глауком, орбитугазим, торлог шилэнцэр, нерофтмологи зэрэг зургаан чиглэлээр нүдний тусламж үйлчилгээг ЭМД-аар үзүүлдэг.

Сүүлийн жилүүдэд манай тасаг лазер эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх талд түлхүү анхааран ажиллаж байна.  

-Иргэдийн дунд торлогийн эмгэгүүд нэмэгдсээр байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хүний нүд гурван давхаргаас бүрддэг бөгөөд хамгийн наана нүдэнд харагдаж байгаа цагаан хэсгийг уураглаг бүрхүүл гэдэг бол дунд хэсгийг судаслаг бүрхүүл, хамгийн арын хэсгийг торлог бүрхүүл гэж нэрлэдэг. Нүдний торлог бүрхүүл нь нүдний хамгийн дотор талын давхарга бөгөөд тархинд дүрсний тусгалыг дамжуулах үүрэгтэй. Харин торлогийн хууралтын үед тэрхүү нимгэн давхарга нь хэвийн байрлалаас хөндийрөн хуурахыг нүдний торлогийн хууралт гэдэг.

Нүдний торлог бүрхэвч хуурснаар нүдийг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангадаг нүдний судаснууд ч мөн хөндийрдөг. Торлогийн хууралтыг эмчлэхгүй, хугацаа алдвал  хараагүй болох аюултай.

Манай эмнэлэг 2016 онд улсын эмнэлгүүдээсээ анхлан торлог шилэнцэрийн мэс заслыг дэвшилтэт технологийн аппарат тоног төхөөрөмжөөр хийж эхэлсэн. Манай орны хувьд торлог шилэнцэрийн өвчлөлийн оношилгоо сайжирснаар тохиолдлын тоо ихсэж байна.

Манай тасгийн хувьд жилдээ 100 гаруй иргэнд торлог, шилэнцэрийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг бол 250 гаруй иргэнд лазер эмчилгээг хийж байна.

Монгол улс насанд хүрэгчдийн торлогийн эмчилгээг 100 хувь монголдоо эмчилдэг болсон. Одоогоор гадаадад эмчлүүлдэг нүдний ганцхан л эмгэг байгаа нь дутуу нярайн торлогийн эмгэг байна.

-Торлогийн эмгэгийн хэчнээн төрөл байдаг вэ?

- Торлогийн хуурлын эмгэгийг үндсэн гурван бүлэгт ангилдаг. Урагдлын шалтгаант, татагдлын шалтгаант, үрэвслийн шингэний шалтгаант гэж ангилдаг. Үрэвслийн шингэний шалтгаант торлогийн хуурлын үед эмийн эмчилгээ ихэвчлэн хийгддэг боловч зайлшгүй тохиолдолд мэс заслын эмчилгээ хийж байна. Татагдлын болон урагдлын шалтгаант торлогийн хуурлын үед яалтачгүй мэс заслын эмчилгээ хийдэг.

Манай эмнэлэг нүдний торлогийн цогц эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнд эмийн эмчилгээ, лазер эмчилгээ, мэс заслын эмчилгээнүүд ордог. Мөн шар толбоны эмгэгийн мэс засал хийхээс гадна шилэнцэрийн цус хуралт, шилэнцэрийн булингар, торлог шилэнцэрт гадны биет орох гэх мэт шалтгаанаас үүссэн эмгэгүүдэд мэс заслын эмчилгээг хийж байна.

Эдгээр эмчилгээ, үйлчилгээг иргэд та бүхэн ЭМД-аараа хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой.

-Чихрийн шижинтэй иргэд хараа алдах нь элбэг байдаг. Үүний шалтгаан нь юу вэ?

Иргэд цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаагүйгээс болж үе  мөчөө тайруулах, хараа алдах гэх мэт хүндрэлд хүргэдэг. Хүндрэлийн тухайд нүдний цөцгий торлог бүрхүүл дээр цус харвалт үүсэж торлогийн татагдлын хуурал үүсэх эсвэл шар толбоны хаван үүсэж хараа бүрэлзэж эцэс сүүлд нь хараа алдах нөхцөлийг бий болгодог.

Ер нь чихрийн шижинтэй хүн бүр нүдний угаа заавал мэргэжлийн эмчид үзүүлж хэвших хэрэгтэй. Тухайн хүний нүдний эмгэгийн хүндийн зэргээс шалтгаалж эмчид үзүүлэх давтамж харилцан адилгүй байна.

Бас нэг сайн мэдээ дуулгахад бид энэ жилээс ЭМЯ, ОРБИС олон улсын байгууллагатай  хамтран гурван жилийн хугацаатай чихрийн шижинтэй иргэдийг бүртгэлжүүлж, торлогийн хуурлыг эрт илрүүлэх төслийг эхлүүлсэн. Төсөл хэрэгжсэнээр энэ төрлийн өвчний хүндрэлээр хараа алдах өвчтөний тоо эрс бууна гэж итгэж байгаа.

-Эмчилгээний төрлүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

Бид эмийн, лазерийн, мэс заслын гэсэн гурван чиглэлээр эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг. Торлогийн лазерын эмчилгээг долоон бүлэг өвчний үед хийж байна.

Лазер эмчилгээг хийлгэж байгаа иргэдийн 80-90 хувь нь чихрийн шижингийн шалтгаант торлогийн эмгэгтэй иргэд эзэлж байгаа нь санаа зовоосоор байна.

Хоёрдох гол шалтгаан нь торлогийн судасны бөглөрөл эзэлж байна. Энэ өвчлөлийн хувьд үе шатнаас хамааран эмийн эмчилгээ, тарилга, лазер эмчилгээг хийж байна.

Мэс заслын эмчилгээний хувьд 70-80 хувийг торлогийн хуурал эзэлж байна.

-Нүдний торлог, шилэнцэрийн өвчлөлийн шалтгаан нь юу байдаг вэ?

-Тэргүүлэх шалтгаан нь чихрийн шижингээс үүдэлтэй торлог шилэнцэрийн эмгэг байна. Зарим нэг судасны эмгэг нь артерын даралт ихсэх өвчнөөс хамааралтай үүсдэг. Мөн зүрх судасны зарим нэг өвчний үед торлогийн эмгэг үүсдэг.

Удамшил зүйн талаас хасах шилний эмгэг нь энэ бүлэгт ордог бөгөөд сүүлийн үед технологийн нөлөөгөөр нүдний өндөр хараатай зузаан шил зүүдэг хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ эмгэгийн үед торлог бүрхүүл дээр урагдал, цоорол үүсдэг бөгөөд энэ тохиолдолд лазер эмчилгээ болон мэс заслын эмчилгээг хийж байна.

-Нарны шилийг хэрхэн сонгох ёстой вэ? Мөн нүдний хиймэл нулимсыг ямар үед хэрэглэх вэ?

- Нарны шилний хувьд UV400 –тэй хэт ягаан туяаны хамгаалалттай шил зүүх хэрэгтэй. Учир нь нарны хэт ягаан туяа нь нүдний хуурайшилт үүсгэж, яваандаа шар толбон дээр хоруу нөлөө үүсгэж нүдний төвийн хараа муудах эрсдэлийг бий болгодог.

Мөн хамелеон шил сонгож болно. Хамелеон шил нь өөрөө давхар хэт ягааны туяаны хамгаалалттай байдгаараа давуу талтай. Шил худалдан авахдаа нарны хэт ягаан туяанаас хамгаалж байгаа эсэхийг тусгай аппаратаар шалгуулж болно.

Мөн иргэд нүдээ хамгаалж байна гээд хиймэл нулимсыг хэрэглэдэг. Гэвч үүнийг өөрт тань зовуурь илэрч хуурайших, загатнахад л хийхийг зөвлөж байна. Мөн хиймэл нулимсыг сонгохдоо нөөшлөгч бодис агуулаагүйг сонгоорой гэж зөвлөмөөр байна.

-Баярлалаа